Их Британи Иранд хориг арга хэмжээ авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-21 13:06:59

ЛОНДОН. /TASS/. Ираны Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус /ЛХХК/ Их Британийн далбаан дор явж байсан нефть тээвэрлэгч “Stena Impero” хөлөг онгоцыг долдугаар сарын 19-нд Ормузын хоолойд саатуулсантай холбоотойгоор Их Британийн Засгийн газар Иран улсад хориг арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж байна гэж “The Telegraph” сонин бямба гарагт мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, ЛХХК-ын үйлдлийн хариуд Ираны хөрөнгийг битүүмжлэх зэрэг дипломат болон эдийн засгийн багц хориг арга хэмжээг Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант ням гарагт зарлаж магадгүй. Их Британийн эрх баригчид мөн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хүрээнд 2016 онд цуцалсан хориг арга хэмжээг сэргээхийг Европын Холбоо болон НҮБ-д уриалж магадгүй гэж “The Telegraph” сонинд мэдээлэв.


Нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулсан тухай мэдээлэл гарсны дараа баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Их Британиийн Засгийн газрын “Cobra” хэмээх хороо хуралджээ. Онцгой байдлын үед цуглардаг тус хороо Ормузын хоолойд хэсэг хугацаанд орохгүй байхыг Их Британийн хөлөг онгоцнуудад  зөвлөсөн байна.


Хэрэв “Stena Impero” хөлөг онгоцыг саатуулсантай холбоотой асуудал ойрын үед шийдэгдэхгүй бол “энэ нь ноцтой үр дагаварт хүргэнэ” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант дээрх хорооны хуралдаан болохын өмнө мэдэгджээ.


Холбоотой мэдээ