Нийтийн сонсголыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-22 16:28:20

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, ЛЭОС \Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан\-гийн тус аймаг дахь салбар хамтран “Аймгийн 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, үр дүн” сэдвээр төсвийн хяналтын нийтийн сонсгол зохион байгууллаа.

Нийтийн сонсголын тухай хуулиар тус аймагт анх удаа зохион байгуулсан сонсголд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч, аймгийн ЗДТГ, агентлагийн төрийн албан хаагчид, Булган сумын иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцов.

          Аймгийн 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тухай аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт, аудитын дүгнэлтийн тухай аймгийн Аудитын газрын аудитор М.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу үг хэлэхээр 13 хүн урьдчилан мэдэгдэж сонсголын дэгийн дагуу санал бодлоо илэрхийлсэн байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбат, П.Оюунцэцэг, агрономичдын холбооны төлөөлөл Г.Эрдэнэбилэг, “Булган манлайлал” ТББ-ын тэргүүн А.Ганболд, Булган сумын иргэн Х.Цэцэгдэлгэр нарын хүмүүс санал хүсэлт гаргав.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл арга хэмжээг төлөвлөх, эрэмбэлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явцад иргэний хяналтыг сайжруулах талаар гаргаж байгаа саналыг цаашид хэрэгжүүлэн ажиллах болно гэж нийтийн сонсголыг даргалагч, ИТХ-ын Төсөв, санхүүгийн хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий хэллээ.

          Тус аймаг өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, нэгээс бусдыг гүйцэтгэсэн байна.

БСШУЯ, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Мобиком” корпорацийн хөрөнгөөр хэрэгжих Сайхан, Тэшиг сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн засварын төслийн орон нутгийн оролцоонд 50,0 сая төгрөг тусгасан ч уг ажил хэрэгжээгүй аж.

Холбоотой мэдээ