Аймгийн Ахмад багш нарын холбоо 10 нас хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ахмад багш нарын холбооны 10 жилийн ойн баяр долдугаар сарын 30-нд тохиож байна. Ахмад багш нар холбооныхоо 10 жилийн ойгоор “Дурсамж уулзалт-2019” арга хэмжээнээс гадна олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Увс аймгийн Ахмад багш нарын холбоо 300 гаруй гишүүдтэй бөгөөд ажил үйлс, амжилт бүтээлээрээ аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлдэг байна.
Тодруулбал, 2012, 2015, 2017 онд ажлаараа улсын хэмжээнд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарч байсан түүхтэй. Мөн аймгийн “Оны тэргүүний төрийн бус байгууллага”-аар 2014, 2017 онд шалгарч байжээ.
Арван жилийнхээ ойг угтаад ахмад багш нар энэ хавар “Их үйлсийн эзэд” урлагийн тоглолтыг Улаангом хотноо сонирхуулсан байна.
Түүнчлэн аймгийн зүүн,
баруун, төвийн бүсийн сумдын боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын
ажилтнуудын туршлага судлах зөвлөлдөх уулзалтад ахмад багш нарын төлөөлөл очиж
амьдралынхаа баялаг туршлагаас хуваалцсан байна.