Хог хаягдлын хураамжаа төлөөгүйгээс үүдэж Хот тохижилтын ажил доголддог гэв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-25 09:30:15

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайн иргэдийг хоггүй байлгах, орчны бохирдлыг бууруулахад хот тохижилтын албанд ажиллаж буй ажилчин алба хаагчдын хөдөлмөр, тэдний ашиглаж буй тээврийн хэрэгслүүдийн засвар үйлчилгээний асуудал чухал байдаг аж.

Улиастайд нэг өрхөөс сард 3300 төгрөгийг ахуйн хог хаягдлыг ачих үйлчилгээний хөлс болгож авдаг хэдий ч зарим айл өрх сард төлөх хогийн хураамжаа өгөхдөө цааргалдаг байдал гаргадаг байна. Нэг ачигч хоногт гурваас дөрвөн  автомашины хогийг ачиж буулгадаг. Ачаалал ихтэй аж.

Гэр хорооллын өрхүүд сар бүр хогоо ачуулахгүй болохоор эзэнгүй хог хаягдал ихэсдэг төдийгүй орон сууцны гаднах төвлөрсөн хогийн бункер  өдөртөө дүүрдэг аж. "Хогоо ачуулна уу" гэж шаардлага тавьсан тохижилтын ажилчдыг  үг хэлээр доромжлох, ёс бус үйлдэл гаргах байдал иргэдийн дунд нийтлэг бөгөөд сүүлийн хоёр жил огт хогоо ачуулаагүй гэр хорооллын айлууд бий аж.

Тиймээс иргэн бүр сард төлөх хураамжаа цаг хугацаанд төлөхийг хүсч байна гэж Хот тохижилтын албанаас мэдээллээ. 

Хураамж төлбөр цаг хугацаандаа бүрдэхгүй болохоор албаны автомашинд парк шинэчлэл хийх боломжгүй, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Автомашинууд элэгдэлд орсноор ашиггүй зардал их гардаг байна. Гэсэн ч Хот тохижилтын алба хогийн цэгт ажиллаж буй ДТ-75 трактор, өөрөө буулгагч нэг автомашиндаа өнгөрсөн 10 дугаар сард парк шинэчлэл хийж сайжруулсанаар рейсийн тоо нэмэгджээ.

Одоогийн байдлаар Завханы Хот тохижилт үйлчилгээний албанаас 300 орчим автомашин /рейс/хогийг төвлөрсөн цэгт хүргэжээ.

Мөн Улиастай сумын таван чихийн амны төвлөрсөн хогийн цэгийн орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг  ч хийсэн аж.

Таван чихийн амны төвлөрсөн цэгт 500 м орчим урттай торон хашааг шинээр барьж харуултай болгож төвлөрсөн хогийн цэгийн дарж булсан орчимд 50 гаруй улиас суулгаснаас гадна хогийн цэг орчмын 460 метр автозамыг засч сайжруулсан байна.

30 жилийн дараа төвлөрсөн хогийн цэгээ дарж булжээ

Завхан аймгийн төв Улиастай хотын хогийн төвлөрсөн цэг болох Таван чихийн амны хогийн цэгийг тойруулан хамгаалалтын хашаа татаж, хогийг дарж булах, зарим газрыг нөхөн сэргээх, малын сэг зэмийг дарах нүх ухах, ариутгал хийх зэрэг тохижилтын ажлыг өнгөрсөн хавар, намар шат дараатай хийжээ.

30 орчим жил хуримтлагдсан хогийн цэгийг яаралтай цэгцлэхгүй бол дулааны улиралд гол ус уруу орж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюул тулгараад байсан ажээ. Тиймээс аймгийн удирдлагууд газар дээр нь очиж орчны нөхцөл байдалтай танилцаж тохижилтын ажлыг эхэлсэн байна.

1988 оноос хойш 7,5 га талбайд Улиастай сумын иргэд хог хаягдлаа төвлөрүүлсэн. Энд өдөрт 100 гаруй шоо метр хог хаядаг. Зуны улиралд барилгын ажил ихсэх үед хог хаягдал их гардаг бөгөөд харуул, сахиулгүй үед иргэд дураараа талбайн гадна хогоо асгадаг байна.

Айл өрх, уурын зуухнууд үнс нурмаа асгаснаас хог байнга шатаж, эргэн тойрон өмхий үнэрээр дүүрдэг. Өнгөрсөн хугацаанд хогийн цэгийн хогийг түрж тэгшлэхээс өөр үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүй байжээ. Харин өнгөрсөн намар ийнхүү хогийн төвлөрсөн цэгээ тохижуулсан байна.

Холбоотой мэдээ