Ажил хайгч иргэдийн 34.8 хувь нь 25-34 насныхан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт бүртгэлтэй ажил хайгч 845 иргэн буйгаас 443 буюу 52.5 хувь нь эмэгтэй. Нийт ажил хайгч иргэдийн 24 буюу 2.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бол ажил хайгч иргэдийг насны бүлгээр авч үзвэл 25-34 насныхан хамгийн өндөр буюу 34.8 хувийг эзэлж байна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.
Орон нутгийн идэвхтэй ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэшил арга зүйг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо, хөгжлийг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Ховд аймгийн ХХҮГ, “Урлах уран үйл” ТББ хамтран “Эсгүүрчин” бэлтгэх анхан шатны сургалт зохион байгуулжээ. Сургалтад орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй 22 иргэн оролцож, оёдол эсгүүрийн анхан шатны ур чадвар эзэмшсэн байна.