НИТХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах санал боловсруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хот, тосгоны эрх зүйн байдалтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар өнөөдөр хэлэлцэж, санал боловсруулав.
Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд оруулахаар тусгасан өөрчлөлтийг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцуулав. Тэрбээр, "Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд, хот тосгоны зааг, ялгааг тодорхой болгосон байна. Мөн бүх шатны ИТХ-ын чиг үүргийн давхардал, ажлын уялдааг зохицуулах зорилгоор тусгасан сум, дүүргийн ИТХ-аас аймаг, НИТХ-ыг бүрдүүлэх заалт оржээ. Мөн төсөлд, сум, дүүргийн Засаг дарга нарыг иргэд сонгохоор тусгасан байна" хэмээн танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “НИТХ-ын төлөөлөгчийг ямар зарчмаар сонгож, ямар статустай ажиллах хийгээд нийслэлийн Засаг даргын ажлыг баталгаажуулах, сонгох томилохтой холбоотой асуудлыг бид нухацтай ярих ёстой. Хэдийгээр, Үндсэн хуульд “Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн” гэсэн заалт байдаг ч эдийн засаг, эрх зүйн талаасаа дутмаг, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Тиймээс оновчтой саналуудыг УИХ-д хүргүүлэх хэрэгтэй. Дүүргийн төлөөлөгчдөөс нийслэлийн төлөөлөгчдийг бүрдүүлнэ гэдэг байж болохгүй зүйл” гэсэн юм.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд аймаг, хот, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газар санал гаргасны дагуу УИХ батална гэсэн нь маш зөв асуудал” гэв. Харин сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгочихоод, огцорсон нөхцөлд дээд шатны Засаг дарга нь шууд томилохоор тусгасан нь өрөөсгөл заалт гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, "Хотын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг өмнө нь тухайн шатны ИТХ-ын саналыг үндэслэн УИХ хэлэлцэж шийдвэрлэдэг байсныг өөрчилж, Засгийн газрын саналыг үндэслэхээр оруулж өгсөн нь дэвшил болсон байна. Харин зарчмын хувьд Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг нутгийн удирдлагын тогтолцоог хэвээр үлдээх ёстой" гэсэн юм.
Харин НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, "Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг УИХ хэлэлцэхдээ засаглалын түвшний асуудалд илүү анхаарч, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг төдийлэн анхаарахгүй, хавсралт маягаар хэлэлцээд байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын статусыг тодорхой тусгах, дагуул хот, хаяа хот, бүсийн төв хотыг бий болгох талд анхаарах гэх мэт асуудлууд чухал" хэмээв. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар, "Үндсэн хуулийн дордсон гэх долоон өөрчлөлтийг хэвэнд нь оруулах ёстой болохоос дөрөвдүгээр бүлэг буюу орон нутгийн удирдлагатай холбоотой бүлэгт “гар хүрэх” шаардлагагүй" гэдэг санал хэлж байв. Учир нь тэрбээр 1992 онд үндсэн хуулийг батлах бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд тухайн үед эл бүлгийг нухацтай зөвшилцсөн хэмээн үзэж буйгаа онцолсон юм.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга сум, дүүрэг, хороод гээд орон нутаг хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан болж байгаа. Үндсэн хуульд нэгэнт л нэмэлт өөрчлөлт хийж байгаа учраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг нарийн тусгаж өгөх нь зүйтэй" гэсэн юм. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоор тусгасан хэрнээ нийслэлийн ИТХ-ыг дүүргээс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдүүлэхээр заасан нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэрэв УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог ч мөн нэмэх ёстой гэсэн санал хэллээ.
Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн УИХ-аас гаргасан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт хүргүүлэхээр тогтлоо.