Цэргийн наадамд оролцох Монгол Улсын тамирчид Москвад очлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-27 17:54:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 10 улсад нэгэн зэрэг болох "Армейские игры-2019" цэргийн мэргэжлийн олон улсын тэмцээний “Танкийн биатлон”, “Инженерийн томъёолол” төрөлд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Москва хотноо байрлах “Алабино” сургалтын төв, “Тюмен” хотод өнөөдөр очлоо.


Танкийн биатлон тэмцээнд дэлхийн 25 орны 500 гаруй танкчид өрсөлдөх бөгөөд энэ сарын 29-нд оролцогч орнууд танкийн өнгө болон уралдах гараагаа  сонгож, танкуудаа хүлээн авна. ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан танкийн биатлонд оролцох танкчид 6 дахь жилдээ оролцож байгаа.


Энэ жилийн нэг онцлог нь  2018 онд оролцсон баг тамирчдыг чансаагаар нь ангилан 1,2 дугаар хэсэгт хуваан тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Манай танкчид нэгдүгээр хэсэгт буюу өнгөрөгч онд эхний 12 дугаарт эрэмбэлэгдсэн улсууд болох ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан, Серби, Иран, Армения, Венесуэла, Киргиз, Сири гэсэн 11 орны баг тамирчидтай өрсөлдөнө.  Манай танкчид чансаагаараа оролцогч 25 орноос ОХУ, БНХАУ,  Беларусь, Казахстан, Азербайджан улсын дараа буюу 6 дугаарт эрэмбэлэгдэж байна.


Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Энхцог “Инженерийн томъёолол” тэмцээнд оролцогч залуусаа ахлах аж.


“Армейские игры-2019” цэргийн мэргэжлийн олон  улсын тэмцээн нь ирэх сарын 3-нд дэлхийн 10 улсад нэгэн зэрэг эхэлнэ. Цэргийн наадамд Монгол Улс, Алжир, Азербайджан, Бангладеш, Беларусь, Египет, ОХУ,  БНХАУ зэрэг 34 улсын 216 багийн 6000 гаруй шилэгдмэл цэргийн алба хаагчид нийт 31 төрлөөр оролцох юм. Манай улсын Зэвсэгт хүчнээс уг тэмцээний  5 төрөлд өрсөлдөнө.

Холбоотой мэдээ