Аврагч Х.Мөнхбат гурван өрөө байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-28 09:28:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг аварсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байрны батламжийг гардууллаа.

Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

“НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, нэг хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон.

Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос есөн км-ийн зайтай Модот булан гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууранд төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган найман иргэний амь насыг аварч үүргээ  амжилттай гүйцэтгэсэн юм.

Тэрбээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан. 



Холбоотой мэдээ