Баруунтурууны наадамд улсын аварга С.Мөнхбат түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-30 13:39:41

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Турууны үржил шимт хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-наас 26-нд өргөн дэлгэр боллоо.

Наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Т.Баасанхүү, улсын начин С.Батсуурь нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдсан.

Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" Спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Эрдэнэс монгол" группын бөх Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, Баруунтуруун сумын харьяат, ТЕГ-ын "Эрч" спорт хорооны бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Тэс сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Увс нуур" дэвжээний бөх, Монгол Улсын харцага Т.Баасанхүү, Баруунтуруун сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Арвижих-Увс" ХХК-ийн бөх, аймгийн арслан О.Түмэн нар шалгарсан.

Шөвгийн дөрөвт үлдсэн бөхийн бай шагналыг Өндөрхангай сумын харьяат, Баруунтуруун сумын төгсөгч, улсын начин С.Дангаасүрэн даасан бол зургаагаас долоон настай "Хууринан шуугагч" хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг Монгол Улсын заан Д.Бумбаяр ивээн тэтгэв.

Баяр наадмын үеэр Баруунтуруун сумыг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилогдсон албаны хүн гардуулсан.

Тус сум нь Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Х.Цагаанбаатар нараас гадна хуучин нийгмийн үед улсын ургацын аварга, Хөдөлмөрийн баатар дөрөв төрөн гарчээ.  

 

Холбоотой мэдээ