Соёлын өвийг сэргээхэд Азийн хөгжлийн банктай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-30 17:08:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмантай өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээн засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дагуул хотуудыг байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, Баянхошууны хийд зэрэг Улаанбаатар хотын гэр хороолол дунд байрлах шашин соёлын өвийн дурсгалт газруудыг сэргээж, аялал жуулчлалын бүс болгон тохижуулж, хөгжүүлэх, мөн ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орлогод нийцсэн орон сууцаар хангах боломжтой талаар талууд хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд дээрх асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк хамтарсан ажлын баг байгуулж, холбогдох судалгаа, саналыг боловсруулахаар тохиролцов.

Холбоотой мэдээ