Эко ариун цэврийн байгууламж барьсан иргэд урамшуулал авна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-31 15:03:45
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга  Д.Батлут захирамж гаргаж Эко ариун цэврийн байгууламж барих өрхөд урамшуулал олгох журмыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэг журмаа боловсруулж дуусаад урамшуулалд хамрагдах айл өрхийн бүртгэлийг долдугаар сарын 28-наас эхэлжээ. Бүртгэлийг БОАЖГ, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас зохион байгуулах бөгөөд 14 хоногийн турш үргэлжилнэ. 

Гэр хорооллын айлууд эко ариун цэврийн байгууламж барьсан тохиолдолд ийн урамшуулал авах юм. Урамшууллын мөнгийг Орон нутгийн төсвөөс 277.5 сая төгрөг баталснаас гадна Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 250 сая, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая, нийт 608 сая төгрөгийн санхүүжилт тус тус олгоно.

Урамшуулалд нийт 290 өрх хамрагдана. Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 баг тус бүрт 19 өрх, Жаргалант суманд 24 өрх урамшуулалд хамрагдах бол нэг өрхөд 1 сая 997 мянган төгрөг байхаар тооцжээ. Мөн нийтийн эзэмшлийн 10 орчим байршилд эко ариун цэврийн байгууламж байгуулна.

Дээрх байгууламжийн жишиг зургийг баталсан бөгөөд барих ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.Эко ариун цэврийн байгууламж барьсан гэр хорооллын айлуудад урамшуулал олгох ажил жил бүр тогтмол үргэлжилнэ гэж ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс ХОХБТ/ мэдээлэв. 

 

  

 

Холбоотой мэдээ