"Шинэ гэр" төслийн хүрээнд 10 мянган гэр дулаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-31 17:34:50
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-аас хэрэгжүүлж байгаа “Шинэ гэр” төслийн захирал Петр Ф.Мэурс болон төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Петр Ф.Мэурс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Шинэ гэр” төслийн хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьсан, нэг айлд галладаггүй, цахилгаанаар халаалтыг нь шийдсэн шинэ загварын гэр сууц барьж өгсөн нь үр дүнтэй ажил болсныг онцлов.

Тэрбээр "Төслийн хоёр дахь шатанд хийх ажлын төлөвлөгөө ёсоор 150 гэрийг дулаалах, 10 айлын шинэ гэр сууц барих ажлыг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд өрнүүлж байна. Мөн гэрийн дулаалгыг сайжруулах, шалны дулаалгыг суурилуулах талаар айл өрхүүдэд зааварчилгаа өгч байгаа. Төслийн гурав дахь шат буюу 2020 онд 10 мянган гэрийг дулаалах төлөвлөгөөтэй ажиллаж байна" хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлээс шалтгаалах асуудалд бүхий л боломжоор тусалж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлээд, урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх энэ төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал гэдгийг онцлов.

Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, бага үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, “Наян зургаан мянга дөрвөн зуу” ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ