Бүлгүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/.Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил-Нэмэлт санхүүжилт төсөл"-ийн хүрээнд бүлгүүдийг
чадавхижуулах зуны сургалт зохион байгуулж 45 малчин, багийн Засаг дарга нар болон төслийн ажилтнууд нийт 53 хүн оролцжээ.
Сургалтаар малчин өрхүүдийн
санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, малын чанарыг сайжруулах, бэлчээр сэргээх, сэлгэх менежмент, төлөвлөгөө
гаргах, малын даатгал зэрэг сэдвээр мэдээлэл өгч харилцан ярилцсан байна.
Төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон Улсын
сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бөгөөд 2021 он хүртэл
хэрэгжих аж.
Мөн зорилтот сумын эдийн засаг, ядуу өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Дэлгэрцогт сумаас гадна Сайнцагаан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай зэрэг суманд хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Дэлгэрцогт суманд есөн бүлэг байгуулж, түүнээс долоон бүлэг нь хурлаа хийж, дүрмээ баталж, үйл ажиллагаагаа тогтмолжуулж байгаа хэмээн төслийн зохицуулагч Ж.Наранцэцэг мэдээлэв.