“Toyota”, “Microsoft” хоёр "ухаалаг автомашин бүтээнэ"

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-04-05 15:51:13

ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor Corp” /"Тойота"/ болон Америкийн “Microsoft Corp.” /"Майкрософт"/ компьютерын корпораци “ухаалаг автомашин” зохион бүтээхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.  

Японы "Никкэй" сонинд бичсэнээр, ийм автомашиныг зохион бүтээхийн тулд хамтарсан компани байгуулах аж. Уг компани нь “Toyota”-гийн автомашинуудаас авсан асар их хэмжээний мэдээллийн тусламжтайгаар “Microsoft”-ийн “Cloud Computing” буюу “үүлэн тооцооллын технологийг” боловсруулна.

Шинэ компанийн гол зорилт бол илүү орчин үеийн жолоочгүй робот машин бүтээх, ийм автомашинуудын мэдээллийн бааз болон навигацийн системүүдийг байнга шинэчлэх явдал юм. “Ухаалаг автомашин”-д мөн жолоочийнхоо зуршил, хэрэгцээ шаардлагыг мэдэрч чадах программ суурилуулахаар төлөвлөж байна. Жишээлбэл, ийм автомашинууд жолоочийнхоо явах дуртай чиглэлүүдийг тогтоож, эзнээсээ зөвшөөрөл авсныхаа дараа тухайн газарт машинаа тавих зогсоолын захиалгыг урьдчилан өгдөг байх аж.

"Ухаалаг автомашинууд" нь мөн жолоочийнхоо зүрхний цохилтыг жолооны хүрд ашиглан хэмжих замаар эрүүл мэндийг нь хянах гэнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ