Хондурасын Ерөнхийлөгчийг огцрохыг шаардан жагсжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-07 11:08:32

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Хондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесыг огцрохыг шаардсан жагсаал тус улсын нийслэл Тегусигальпа хотод мягмар гарагт болжээ. Тэрбээр 2013 онд сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд мансууруулах бодисын наймаачдаас мөнгө авсан хэрэгт буруутгагдсан байна.


“Reuters” агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод нийслэл хотын төв гудамжаар парламент ордны чиглэлд жагсаж, төрийн тэргүүнийхээ эсрэг уриа лоозон хашхирцгааж байжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Хондурасын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр таван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.


Мансууруулах бодисын наймаачдыг ивээлдээ авч, Хондурасын албан тушаалтнуудад хээл хахууль өгөхийн тулд тэднээс мөнгө авсан гэж Нью-Йоркийн Холбооны улсын Прокурорын газар Хуан Орландо Эрнандесыг өнгөрсөн долоо хоногт буруутгасан байна. Түүний ахыг өнгөрсөн оны 11 дүгээр сард мансууруулах бодис наймаалсан хэргээр Майамид баривчилжээ.


Холбоотой мэдээ