Найруулагч Гильермо дель Торо Холливудын Алдрын гудамжинд одтой болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-07 15:52:08

НЬЮ-ЙОРК. /Los Angeles Times/. Холливудын Алдрын гудамжин дахь одыг Мексик хийгээд бүх цагаачид зориулан хүлээн авч байгаагаа Оскарын шагналт кино найруулагч Гильермо дель Торо Лос Анжелес хотод болсон ёслолын үеэр мэдэгджээ.


“Ийм зүйл яг одоо болж байгаа нь их чухал юм. Учир нь би цагаачдад саад бэрхшээлд бус боломжид итгэж сурах хэрэгтэй гэж хэлмээр байна” хэмээн Торо хэлж, өвдөг сөхрөн Мексикийн далбааг үнссэн байна.   


“Усны хэлбэр”, “Тамын хүү II: Алтан арми”, “El laberinto del fauno” зэрэг бүтээлийг найруулсан Гильермо дель Торо нь өнөө цагийн хамгийн алдартай найруулагчдын нэг юм. Тэрбээр 2018 онд “Шилдэг кино”, “Шилдэг найруулагчийн ажил” төрөлд “Усны хэлбэр” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан юм.


Холливудын Алдрын гудамж Лос-Анжелес хотын зүүн хойд хэсэгт байдаг ба уг алдрын гудамжийг байгуулах санаа анх 1953 онд төрж, анхны одыг жүжигчин Престон Фостерт зориулан 1958 оны 8 дугаар сарын 15-нд явган зам дээр суурилуулж байжээ. 1960 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар алдрын гудамжинд яг 1500 од байсан бол одоо 2669 одтой болсон байна.

Холбоотой мэдээ