Ард түмний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Киргизийн Ерөнхийлөгч асан уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-08 10:46:06

БИШКЕК. /TASS/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хандаж, ард түмний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.


Дээрх мэдэгдлийг тэрбээр пүрэв гарагт телевизийн "Апрель" сувгаар хийсэн байна.


Киргизийн тусгай албаныхан лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулсан боловч бүтэлгүйтжээ. Хүчнийхэн Бишкек хотоос 20 км-ын зайтай оршдог Кой-Таш тосгон дахь Атамбаевын харш руу дайрах үед дэмжигчид нь хүчтэй эсэргүүцсэн байна. Мөргөлдөөний үеэр тусгай хүчний нэг алба хаагч амиа алдаж, 40 гаруй хүн шархдаж, гэмтжээ. Киргизийн Ерөнхийлөгч асныг дэмжигчид тусгай хүчний зургаан алба хаагчийг барьцаалсан байна. Тус улсын Дотоод хэргийн дэд сайд Курсан Асанов Ерөнхийлөгч асны талынхантай тохиролцсоны дараа тэднийг суллахаар болжээ.


Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков амралтаа хойшлуулж, Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахаар нийслэл хот руугаа буцсан байна.


Эрүүгийн гэмт хэрэгтэн Азиз Батукаевыг хууль бусаар сулласан хэрэгт гэрчийн хувиар байцаалт өгөхөөс гурван ч удаа татгалзсан нь Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулсны шалтгаан болжээ.


Холбоотой мэдээ