Зүүнговь сум шинэ цэцэрлэг, спорт заал, соёлын төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-09 16:26:37

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Зүүнговь суманд ажиллаж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.

Тус суманд улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай соёлын төвийн барилга, нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд 1,2 км хатуу хучилттай зам барьж буй.

Соёлын төвийн барилгын ажлыг "Ундарга петролиум" компани гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай. Мөн улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэгийн барилга, 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заалны барилгын ажил он дамжин хийгдэхээр болж, гүйцэтгэгч нар нь шалгарч ажилдаа оржээ.

Холбоотой мэдээ