Борооны улмаас Налайхын замыг шинэчлэх ажил удааширч байна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-12 16:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэх ажил үргэлжлэн орсон усархаг борооны улмаас саатаж, 37 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 


Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь гүйцэтгээд байгаа аж. Түүнчлэн авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хатуу хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох танилцууллаа.  


Хотын захирагч замын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудалд анхаарч ажиллахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болголоо. Тэрбээр түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгааг онцлоод иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэв. 

Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол” ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. 

Холбоотой мэдээ