Элэгний хорт хавдрыг бууруулахад Стэнфордын их сургуультай хамтран ажиллах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-12 18:23:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, АУ-ны доктор, профессор, их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын талаар товч танилцуулсан юм. Тэрбээр, “ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх баг энэ долоо хоногт ирж байна. Клиникийн гурван судалгааны ажил эхлэхээр бэлтгэл ажлаа дуусгасан.  Элэгний С вирусийн архаг халдвартай хүний тоо Улаанбаатар хотод 2018 оны нэгдүгээр сарын байдлаар, 2.3 дахин буурсан. Нийт тоогоор авч үзвэл 62 орчим мянган хүн эдгэсэн байна. Харин элэгний В, Д вирусийн шинэ эмчилгээ 23 улсад хийгдэж байна. Манай улсад клиникийн эмнэл зүйн судалгааны ажил эхлэх гэж байна" хэмээв. 



Тэрбээр мөн элэгний хорт хавдрын эмчилгээний талаар салбарын сайдад танилцуулсан. Олон улсад манай улс жишиг болохуйц үзүүлэлттэй байгаа аж. Энэ эрчээ алдахгүй ажиллавал, 2020 оны сүүлээр элэгний С вирусийн голомтыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой” гээд, энэ хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.


Дараа нь Стэнфордын их сургуулийн профессор, хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг нээсэн эмчилгээнийхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх талаар клиникийн судалгаа хийж байгаа аж. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулахаар тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын явц, үр дүн сайн байгаа” гэв. Мөн Стэнфордын их сургууль болон ноён Жеффри С.Гленнтэй элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулах, эмчлэх чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Манай улсад халдварт бус өвчин, тэр дундаа элэгний өвчлөлийн суурь шалтгаануудын нэг нь архи, тамхи, чихэрлэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ байдаг учраас хууль, эрх зүйн орчны хүрээнд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг эмч нар уулзалтын үеэр онцолж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-аас архи, тамхины асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулах ажлын баг ажиллаж байна. Та бүхэн бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэлээ. Тэрээр, 1992 оноос хойш төрсөн бүх нярайг вакцинжуулж эхэлснээр элэгний В вирусийн халдвартай хүний тоо эрс буурсан. Харин 40-өөс дээш насныхны дундах өвчлөл их байгаад анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах тал дээр парламентын зүгээс ойрын үед анхаарч ажиллахаа тэмдэглэв.

Холбоотой мэдээ