Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 15-наас эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 16:19:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас тарваган тахлаас урьдчилсан сэргийлэх ажлыг  эхлүүлж буй талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд өнөөдөр мэдээлэв.   


Монгол Улсын хэмжээнд зохилон тохиолддог, мал амьтнаас хүнд халдварладаг 40 орчим өвчин байдаг аж. Он гарсаар , Зоонозын өвчин судлалын үндэсний төв нийт 930 дуудлага хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар өсжээ.


Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа, "Манай байгууллага халдварт өвчнийг өөрийн улсад болон хил дамнан бусад улс орнуудад тархаахгүй байх үүрэг хүлээдэг. Манай судлаж буй өвчнүүд ихэнх нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэж, гамшгийн хэмжээнд хүргэдэг. Тиймээс бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  Он гарсаар, тарваган тахал өвчний долоон тохиолдол илэрсний хоёр нь Улаанбаатар хотод байсан. Тухайн хоёр иргэн тарваганы боодог идсэн байсан юм. Хууль бусаар тарвага агнах асуудал зогсохгүй байгаа тул бид өвчин тархсан хойно нь бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана" хэмээв.


Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэл ажлыг ханган, 183 албан хаагчийг тарваган тахлын вакцинд хамруулсан. Ингээд байнгын постын ажиллагааг идэвхжүүлж, хулгайн замаар тарваганы тулам, боодог нэвтрүүлэхийг таслан зогсоохоор ажиллах юм.


Онцгой байдлын байгууллагаас энэ сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг дуустал нийслэлийн нутагт тарваган тахлаас сэргийлэх пост гарган ажиллуулахаар төлөвлөж байгаа тухай Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж мэдээлэв. Мөн тэрбээр, он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 900 гаруй иргэнийг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалсан хэмээн онцоллоо. Өнөөдрийн байдлаар, онцгой байдлын 1650 ажилтан, албан хаагч, 176 техник хэрэгсэлтэйгээр усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна.  


Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг, "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, Эмээлт, Баруун туруун, Хүй долоо худаг, Улаан туруун, алслагдсан дүүргүүдэд байгалийн баялаг, дагалдах баялаг, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж буй иргэн, аж ахуйн нэгжийг шалгасан. Түүнчлэн нийслэлд ажиллаж буй мод, модон материал худалдаалдаг төрөлжсөн захуудыг шалгалтад хамруулсан байгаа. Шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр чоно, тарвага, хярс, гахайг агнах, худалдах, тээвэрлэх зэрэг зөрчил илэрсэн. Үүнтэй холбогдуулан гурван хуулийн этгээд, есөн иргэнд 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын пост ажиллуулж байна" гэлээ.


Холбоотой мэдээ