БНХАУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-14 09:47:44

ВАШИНГТОН. /VOA/. БНХАУ-ын импортын зарим бараа бүтээгдэхүүнд ирэх есдүгээр сарын 1-нээс 10 хувийн нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг хойшлуулсан талаар АНУ-ын засаг захиргаанаас мягмар гарагт мэдээлжээ.


АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсанаар, Хятадын зөөврийн компьютер, компьютерын дэлгэц, гар утас, видео тоглоомын төхөөрөмж, зарим тоглоом, гутал, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацааг энэ оны 12 дугаар сарын 15 хүртэл хойшлуулсан бөгөөд энэхүү шийдвэрийг АНУ-ын хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд гаргасан ажээ. 


“Хятадын зарим бараа бүтээгдэхүүний татварыг хойшлуулсан нь зул сарын баярын үеийн худалдан авалтад сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч есдүгээр сарын 1-нээс Хятадын олон төрлийн бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг олон нийтэд удахгүй танилцуулах юм. 

Холбоотой мэдээ