Оюутан цэргүүд тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-15 13:48:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Оюутан цэрэг”-ийн сургалтад энэ жил нийт 130 оюутан хамрагдаж цэргийн эрдэмд суралцжээ. Өнгөрсөн хугацаанд  нийт дөрвөн удаа зохион байгуулсан сургалтад 600 гаруй оюутан хамрагдсан мэдээлэл байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан цэргийн үүргээ биелүүлэхээр цэргийн суурь мэдлэг, дадлыг эзэмшсэн оюутан цэргүүд өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Ард Аюушын талбайд жигдрэн жагсаж тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Ганхуяг, ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит  Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Болдбаатар нар оролцож цэрэг дайчдад баяр хүргэж, амжилт хүсэв.

Энэ үеэр "Оюутан цэрэг" сургалтыг зохион байгуулахад амжилт гаргасан нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Мөн "Оюутан цэрэг"-үүд сургалтын хугацаанд эзэмшсэн цэргийн эрдэм, дадлага ажлаа тайлагнаж үзүүлэх тоглолт, урлаг соёлын үзүүлбэрийг сонирхуулсан.


Холбоотой мэдээ