БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харважээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-16 09:28:48

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын зүүн эргээс ямар ангиллынх нь тодорхойгүй хоёр пуужин харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээллээс иш татан уламжилжээ.


Пуужингуудыг Канвондо мужийн Тончон хошуунаас Япон тэнгис рүү харвасан байна. БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо одоогоор пуужин харвасантай холбоотой мэдээллийг судалж байгаа аж.


АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургууль дуусах хүртэл БНАСАУ-ын пуужингийн туршилт үргэлжлэх магадлал өндөр байгааг Японы Батлан хамгаалах яам өмнө нь анхааруулж байжээ.


Пёньян сүүлийн гурван долоо хоногт зургаа дахь удаагаа пуужин туршсан нь энэ юм. Хамгийн сүүлд наймдугаар сарын 10-нд пуужин харвасан билээ. Тухайн үед Япон болон БНСУ-ын цэргийнхний мэдээлж байснаар, БНАСАУ ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан бөгөөд пуужингууд 450 орчим км ниссэн байна.


Умар Солонгосын харвасан пуужингууд Япон улсын эдийн засгийн онцгой бүсэд хүрээгүй гэж Kyodo агентлаг тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс пуужин харвасантай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд энэ асуудлаар БНСУ болон Япон улстай нягт зөвлөлдөж байна гэж тус улсын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ