Багийн хөгжлийн төв ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-19 12:58:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн том багт тооцогддог Дархан сумын 15 дугаар багийн Багийн хөгжлийн төвийн барилга ашиглалтад орлоо.

Багийн хөгжлийн төв нь улсын төсвийн 450 сая төгрөгийн өртгөөр баригдсан бөгөөд 18 өрөө болон 150 хүний суудалтай хурлын танхимтай. 
Харин гадна талбайн 28 авто машины зогсоол, дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажилд Дархан сумын ЗДТГ-аас 44 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал ярив.

Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна багийн Иргэний нийтийн хурлын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн байрлаж ажиллана.Түүнчлэн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзаж ярилцах ая тухтай орчин бүрдэж байна.

Дархан сумын 15 дугаар баг 2880 орчим өрхийн 8000 гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдлээ.

Цаашид иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, өгөөжтэй хүргэх, 15 дугаар багт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зам засвар, гэрэлтүүлэг зэрэгт анхаарал хандуулан ажиллаж буй талаар  орон нутгийн удирдлага онцлов.

Холбоотой мэдээ