Б.Хурц нарыг шүүх хурал завсарлаж дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-19 10:39:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд завсарлаж, өнөөдөр зургаа дахь өдрөө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.


Тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр  шүүх хуралдааны явцын талаар сэтгүүлчдэд өдөр бүр мэдээлж байгаа билээ. Түүний өгсөн мэдээллээр, шүүх хурал 49 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч 17, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, улсын яллагч хоёр байгаа юм. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг НПГ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр маш нууцын зэрэглэлтэйгээр зургаадугаар сарын 25-нд тус шүүхэд шилжүүлжээ. Энэ дагуу шүүх хуралдааныг энэ сарын 12-нд хаалттайгаар эхлүүлсэн юм.


Шүүх хурлын эхний гурван өдөр шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асуусан. Мөн асуулт хариултын шат дууссан юм. Өнгөрсөн пүрэв гарагт тус хэрэгт холбогдуулан хурааж авсан дүрс бичлэг бүхий нотлох баримтыг шинжлэн судалсан бол баасан гарагт бичгийн буюу хавтаст хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг шинжилж дуусгажээ. Үүний дараа шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаан эхэлснээс хойш ажлын өдөр, өдрийн цагаар тасралтгүй хуралдана гэж заасан. Тиймээс шүүх хуралдаан амралтын хоёр өдөр завсарлаад өнөөдөр ийнхүү үргэлжилж байна. 


Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ, "Эл хэрэгт холбогдуулан шүүгдэгч нарыг 2002 оны хуучин эрүүгийн хуулиар яллагдагчаар татсан. Тус хуульд заасны дагуу эрүү шүүлт нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хамаарна. Харин хохирогч нарт гар хүрсэн нь ялтан байсан тул хоригдлуудын хоорондын маргаан гэж үзэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байв. Шүүхийн байрны гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд цугласан байгаа бөгөөд, "С.Зоригийн хэргээр ял эдэлж буй хүмүүсийг сэжигтнээр байцааж байх үед стандарт хангаагүй, зориулалтын бус өрөөнд, нэг хэргийн сэжигтэн, ялтныг хамт хорьсон гэх үндэслэлээр буруутай" хэмээн ярьж байлаа. Харин хохирогчийн талаас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна. Учир нь шүүх хуралдаанд оролцогчдыг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй байхыг сануулжээ. 


С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ. Шүүх хуралд хохирогчоор, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байна.

Холбоотой мэдээ