Хүүхдийн автобусны техникийн үзлэг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 12:53:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран сургууль, цэцэрлэгийн хүүхдийн автобусанд хийх Техникийн хяналтын үзлэг эхлэв.


Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  хүүхдийг тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү ажил энэ сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд сургууль, цэцэрлэгүүд тээврийн хэрэгслээ бүрэн хамруулахыг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зөвлөж байна. 


Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад нийцсэн байдлыг шалгах юм. Түүнчлэн “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандарт, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж буй эсэхийг Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч, холбогдох мэргэжилтнүүд хянаж ажиллана.


Тодруулбал, хүүхэд тээвэрлэх автобус нь 12-оос доош жил эдэлсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой аж.

Холбоотой мэдээ