Висконсинд болсон сунгаанд Т.Круз, Б.Сандерс нар ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-06 14:42:42

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Висконсин муж улсад болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаанд Сенатын гишүүн Тед Круз, Берни Сандерс нар илт давуу ялжээ. Энэ тухай телевизийн CNN суваг  мэдээллээ.

Америкийн хэвлэлүүдийн мэдээнээс үзвэл, Бүгд найрамдах намын /БНН/ сонгогчдын санал хуудсын 70 хувийг тоолж дуусах үед сонгогчдын 50.1 хувь нь Крузын төлөө саналаа өгсөн байв. Түүний гол өрсөлдөгч болох тэрбумтан Дональд Трампыг 32 хувь нь, Огайо муж улсын захирагч Жон Кейсикийг 14.5 хувь нь дэмжжээ.

Ардчилсан намынхны хувьд санал хуудсын 68 хувийг тоолж дууссан байна. Тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа сенатч Берни Сандерс 55.8 хувийн санал авсан бол Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны төлөө 43.9 хувь нь саналаа өгчээ.

Ийнхүү ерөнхийлөгчийн сунгаанд нам нэгтнүүдээ тэргүүлж байгаа Трамп, Клинтон хоёр “найрсаг дүр үзүүлж” ялагдсан болохыг сэтгүүлчид онцлон дурдаж байна. Гэхдээ хоёр нэр дэвшигчийн чансаанд энэ нь тийм ч их сөргөөр нөлөөлөхгүй гэж “CNN” сувгийн шинжээчид дүгнэж байна.

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн нэр 2016 оны 11 дүгээр сарын 8-нд тодорхой болно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ