Тамирчин О.Баяндалай Казахстанд дугуйгаар аялна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-20 20:33:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн О.Баяндалай өнгөрсөн сарын 21-ний өдөр Монгол орныг унадаг дугуйгаар тойрон аялах аяллаа амжилттай дуусгасан билээ.

Хоёр сар 11 хоногийн хугацаанд нийт 6300 км зам туулж 21 аймгийг бүтэн тойрсон тэрээр ирэх долоо хоногоос Бүгд Найрамдах Казахстан Улс руу дугуйгаар аялахаар болжээ.

"Монгол орноо гадаадад сурталчлах, монгол хүний тэвчээр хатуужлыг харуулах зорилготой дугуйн аяллаа Өлгий хотоос эхэлж, ОХУ-ын Горно-Алтайск-Барнаул хот, Казахстаны  Шемонайха боомтоор дамжин тус улсын Усть-Каменогорск хот хүрнэ. Цаашлаад Семей-Нур-Султан-Алматы хот орох төлөвлөгөөтэй байна.

Киргизстан, Узбекистан улсад очиж аяллаа өндөрлөхийг зорьж байгаа. Одоо ивээн тэтгэгч нартай ярилцаж, бэлтгэл ажлаа базааж байна" хэмээн О.Баяндалай хэлэв.

Түүний энэ удаагийн аяллыг "Атилла" групп, Баян-өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, "Эрчимбаян-Өлгий",  "Цамбагарав өгөөж" компани, "Сансар" хүүхдийн дэлгүүр зэрэг иргэн, албан байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ