БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Боао форумын дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-20 20:54:54
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины хэмжээнд байгаль, орчны асуудлуудыг түлхүү анхаарч ажиллах нь чухлыг тэмдэглээд энэ жил бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах томоохон хурлуудын талаар танилцуулан Монгол Улсыг идэвхтэй оролцон хамтран ажиллахыг тэмдэглэлээ.

Сайд Н.Цэрэнбат Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулаад байгаль, орчныг хамгаалах асуудал нь салбар дундын зохицуулалтаас гадна олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн шийдвэрлэх шаардлагатай гэсэнтэй санал нэгтэй байгаагаа онцлов. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэйгээр дотоодын шилжилт хөдөлгөөн нэмэгдэн хүн ардын амьжиргаа төдийгүй эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад нөлөөлөөд буй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй олон шатны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн санал солилцов.


Түүнчлэн уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  санаачилгаар хэрэгжүүлжж буй хүүхэд залуучуудад байгаль орчныг хамгаалах, зохистой хэрэглээг дэмжих зорилготой “Ногоон паспорт” аяны явцын талаар ярилцаад БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат энэхүү санаачилгад нэгдэн ажиллахыг хүссэн бөгөөд ноён Бан Ги Мүн төслийг сайшаан ирээдүй болсон хүүхэд залуучуудыг уриалах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Талууд дэд бүс болон бүс нутгийн хамтын ажиллагааны бусад санал, санаачилгын асуудлуудаар санал солилцоод цаашид уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлоор төдийгүй холбогдох чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчимжүүлэх нь чухал болохыг хэлэлцэв.

Холбоотой мэдээ