"Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх" аян өрнөж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-22 13:37:19

Ховд /МОНЦАМЭ/. "Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх" аян Ховд аймгийн Жаргалант суманд өрнөж байна.

Нөхөн үржихүйн нас буюу 16-49 насны эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц үзлэгт хамруулах, үе шаттайгаар эмчилж,  эрүүлжүүлэх замаар эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад энэхүү аяны зорилго чиглэж байна.

Аяны үйл ажиллагаа гурван үе шаттай үргэлжлэх бөгөөд эхний шатанд 18-49 насны эмэгтэйчүүд өрхийн эрүүл мэндийн төвд, хоёрдахь шатанд өсвөр үе буюу 15-17 насныхан сургууль дээрээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана. Харин гуравдугаар шатанд үзлэгт хамрагдаж өөрчлөлттэй гарсан зарим иргэнийг 2020 оны эхний улиралд багтаан эмчилж, эрүүлжүүлэх аж.  

Аяны эхний үе шат Жаргалант сумын Жаргалан өрхийн эрүүл мэндийн төв дээр эхэллээ. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд тусгай хуваарийн дагуу өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжин урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.  

Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай 1772 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байгаагийн 925 нь  урьдчилан  сэргийлэх  үзлэгт хамрагдаж байна. 

Энэ хүрээнд эх барих  эмэгтэйчүүд,  дотор,  хэт авиан шинжилгээ,  амны хөндийн үзлэг, лаборант гэсэн  таван  чиглэлээр холбогдох  мэргэжлийн эмч  нар  иргэдэд  тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Мөн ирэх 9, 10 дугаар сард тусгай хуваарийн дагуу Баатархайрхан, Бугат, Буянт, Рашаант өрхийн эрүүл мэндийн төв дээр урьдчилан сэргийлэх үзлэг хийх аж. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллагаар  дамжуулан урьдчилан сэргийлэх  үзлэгт идэвхтэй хамрагдахыг эмч нар уриалав. 



 

Холбоотой мэдээ