“Монгол-Хятадын экспо-III”-д 400 гаруй аж ахуйн нэгж оролцоно

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-22 17:55:08


Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Хятадын экспо-III” үзэсгэлэн худалдаанд оролцох бараа бүтээгдэхүүнд тавигдах сав баглаа боодол, стандартын шаардлага, хорио цээр, гаалийн бүрдүүлэлтийн журмын талаар мэдээлэл өгч хариуцлагын гэрээ байгууллаа. Үзэсгэлэн худалдааг ирэх сарын 6-10-нд БНХАУ-ын Хөх хот, Улаанцав хотуудад ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулна.


Мэдээлэл өгөх сургалтад ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Я.Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав, Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч С.Отгонпүрэв, Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны инженер Э.Хүрэлхүү болон МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.


Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгохын тулд ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулсан юм.


Тус гэрээнд “Монгол-Хятадын экспо-III” үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэх, бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, хүн ба ачаа тээврийн асуудлыг хариуцан зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгжид хувь хүний болон бараа бүтээгдэхүүний даатгалын талаар бүрэн мэдээлэл өгч, даатгалд хамруулахыг тусгажээ. Түүнчлэн БНХАУ-ын хилээр гаргах хориотой, баталгаат хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд оролцуулахыг хориглох бөгөөд үүнээс үүдэн гарах хохирлыг оролцогч бүрэн хариуцахаар заасан байна.

Холбоотой мэдээ