Эх орны эрэлхэг хүү Түвшингийн Жуужаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Т.Жуужаа нь 1913 онд
Төгс хүлэг Далай хан аймгийн 10 баядын хошууны нэг Пандийжунай бээлийн хошуубуюу
одоогийн Увс аймгийн Тэс сумын 5-р багийн нутагт ард Түвшингийн 4 дахь хүү
болж, бар жил мэндэлсэн байна. Ах дүү зургаан залуугийн нэг тэрээр бага
насаа аав, ээжийнхээ дэргэд хонь хурга хариулж, адуу малтай ноцолдож, хангал
догшныг сургаж өсчээ.
Хорь гаруйхан насандаа буюу 1934 онд эр цэргийн албанд мордож,
1936 оны 6 дугаар сарын 20-нд /цэргийн төв архивын бүртгэлээр/ 8 дугаар морьт
дивизийн 23 дугаар морьт хорооны 2 дугаар сумангийн 2 дугаар салаанд
наводчикаар алба хааж, 1939 оны Халхын голын байлдаанд олон аавын хүүхдүүдтэй
хамт мөр зэрэгцэн тулалдсан байна.
Т.Жуужаа нь 1939 оны Халхын голын байлдаанд
баатарлагаар байлдаж, цэргийн дарга нарын өгсөн тушаал шийдвэрийг байлдааны
галын үед онц биелүүлж, сахилга батаар онцгой сайн байж, дайсны хүнд, хөнгөн
пулемётуудыг сөнөөн, дайсны талын 14 хүнийг устгаж, тухайн үед эх орон, ард
түмнийхээ төлөө өргөсөн тангарагтай чин үнэнчээр зүтгэж, 1939 оны 8 дугаар
сарын 23-ны өдрийн байлдаанд дайсантай эрэлхэгээр байлдаж байгаад дайсны галд өртсөн байна. Түүний сугаар орсон бууны сум цээжний хөндийгээр дамжин
чихний араар гарч шархдан Улаанбаатар хот руу цэргийн эмнэлэгт
хүргэгдэж эмчлүүлэн эдгэрч, ус уух хувь заяа тохиосон байна. Эмчилгээ хийлгэж бие
нь сайжраад Халх голд хороондоо буцаж очиход дайсан үндсэндээ ялагдаад байжээ.
Тун удалгүй дайн дууссан тул 1939 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эр цэргийн
албанаас халагдаж, нутгийн зүг хүлгийн жолоо залсан байна.
Т. Жуужаа нь БНМАУ-ын Бага хурлын
тэргүүлэгчдийн 1939 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 261 дүгээр зарлигаар Харийн
түрэмгийлэгчдээс эх орон, тусгаар тогтнолоо хамгаалах ариун дайнд гар бие
оролцож, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж, эрэлхэг зориг, тэсвэр хатуужил
гарган, бүлээн цусаа дуслуулан тэмцэж, эрэлхэгээр байлдсан тул “Цэргийн гавьяаны улаан тугийн 1 дүгээр зэрэг”-ийн
одонгоор шагнуулсан байна. Энэхүү одонгоор Увс аймгаас 3 хүн шагнуулсан
гэж тэрбээр хуучлан ярьдаг байжээ.
“Цэргийн гавьяаны улаан тугийн 1 дүгээр зэрэг”-ийн одонтой түүнд төр засгаас сар бүр 20
төгрөгийн мөнгөн шагналыг 1944 он хүртэл
4,5 жилийн хугацаанд олгожээ. Тэгэхдээ тусгай одонгийн
шагналын дэвтэр нь өөрт үлдэх хувь, банкинд өгөх хувь гэсэн 2 хувьтай, түүндээ сар бүр
бичилт хийлгэж авдаг байжээ. Тэр үеийн сарын 20 төгрөг асар өндөр ханштай
мөнгө байсан нь тодорхой.
Тэрээр дайнд оролцож байсан
тухайгаа, байлдааны тухай, ямар гавьяа
байгуулсан тухайгаа цэргийн нууц гээд үр хүүхэд, найз нөхдийнхөө хэнд нь ч огт ярьдаггүй байжээ. Эндээс харахад эх
орныхоо тусгаар тогтнолын төлөө нэгэн биеэ зориулсан цэрэг эрс маань ямар их
хатуу сахилга баттай, өргөсөн тангарагтаа үнэнч байсан нь тодорхой байна.
1979 онд Халхын голын байлдааны тухай, өөрөө
дайнд ямар үүрэгтэй оролцсоноо, ямар гавьяа байгуулсан тухай хүүхдүүд нь магнитофонд
бичиж авахаар болж зөвшөөрүүлээд хөдөөнөөс сумын төв ороод
байтал хүчтэй
аадар бороо орж, сумын төвийн дизель станц унтраад
цахилгаан тасарсан тул бичлэг хийж авч чадаагүй
байна. Үүнд
түүний үр хүүхдүүд одоо ч гэсэн маш их харамсдаг байна.
Т.Жуужаагийн байгуулсан гавьяа
зүтгэлийг үнэлсэн баримтууд тухайн үеийн ном, сэтгүүл, Монгол Улсын Батлан
хамгаалахын төв архивт түүх болон хадгалагдаж байдаг аж. 1939 оны Халхын
голын байлдаанд гарамгай байлдсан 89 хүний 40 дугаарт Төвшингийн Жүзээ
/Түвшингийн Жуужаа/ гэж галиглаж бичсэн сэтгүүлийн хуудсыг түүний хүү Ж.Сорог одоо
болтол хадгалж, эцгээрээ бахархаж явдаг
байна.
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдлын төлөө бүлээн цусаа дуслуулан тэмцэж явсан
Т.Жуужааг 1961
онд Увс аймгийн Гүйцэтгэх захиргааны Сайшаалын үнэмлэхээр тухайн үеийн
аймгийн дарга Чангийн Жамбалын гарын үсэгтэй олгож байсан бол 1969 онд “Аймгийн
Гүйцэтгэх захиргааны Хүндэт жуух бичиг”-ийг тухайн үеийн аймгийн дарга
Ц.Нансалжав аймагт дуудан өөрөө гардуулж байсан нь
түүнд төр засгаас ямар
их хүндлэл үзүүлж байсны жишээ юм.
Түүний байгуулсан гавьяаг Төр
засгаас өндрөөр үнэлж БНМАУ-ын Ардын Их
Хурлын Тэргүүлэгчдийн 1969 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 236 дугаар
зарлигаар “Халхын голын ялалтын ХХХ жилийн ойн медаль”-иар, БНМАУ-ын Ардын Их
Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр зарлигаар
“Монголын Ардын Армийн 50 жилийн ойн медаль”-иар, БНМАУ-ын Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн 1976 оны 2 дугаар сарын
5-ны өдрийн 18 дугаар зарлигаар “Милитарист Японыг ялсны ХХХ жилийн ойн
медаль”-иар, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 8 дугаар сарын
29-ний өдрийн 219 дүгээр зарлигаар “Халхын голын ялалт ойн медаль”-иар,
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн
253 дугаар зарлигаар "БНМАУ-ын Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль”-иар тус тус шагнаж байжээ.
Ийнхүү дайны хүнд жилүүдэд улс эх орон, ард
түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан байлдаж ирснийхээ дараахан
энх цагийн бүтээн байгуулалтад гар бие идэвхийлэн оролцох
болжээ. Тэрээр 1948
оны 4 дүгээр сарын 25-ны 367 тоот үнэмлэхээр шинэ бичиг үсэгтэй болж, улмаар багийн
дарга, 1962 онд Тэс сумын 27 дугаар тойргийн депутатаар сонгогдон тухайн үедээ төр
барилцаж байсан, баг, бригадын хамт олондоо нэр хүндтэй, төлөв даруу, дуу
цөөнтэй, ухаалаг нэгэн байсан гэдгийг нутгийн ард түмэн андахгүй мэднэ.
Тэрээр мөн сум орон нутагтаа ардын
аж ахуйтныг хоршоолох, хамтын том аж ахуйн суурийг тавих, түүнийг бэхжүүлэх үйл
хэрэгт эх оронч зүтгэл гаргаж, оюун билэг ухаанаа зориулан ажиллаж байжээ.
1954 онд Тэс суманд “Лениний зам” нэгдэл байгуулагдсан бөгөөд тэрээр 1956
онд гишүүнээр элсэн орсон байна.
1959 онд нэгдэл өргөжиж, ардын аж ахуйн мал
нийгэмчлэгдэхэд Тэс сумын “Лениний зам”
нэгдлийн анхны тэмээчдийн нэг болж, улмаар тэмээн сүргийг өсгөн
үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, уналга эдэлгээнд сургаж ашиглахад өөрийн
хүч хөдөлмөрөө зориулж, тухайн үеийн төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж байжээ.
Ингэснээр “Сумын энх сүрэгтэн”-ээр шалгарч, гурван
суурь
тэмээ салбарлан гаргаж, нам засгаас “Төл болгоныг мал болгоё” уриаг хэрэгжүүлж, идэвх зүтгэл гарган
ажилласан хэмээн сайшаал хүртсэн байна.
1966 оноос эх хонь маллаж, хонины тарга
хүчийг сайн авахуулж, малын зүй бус хорогдол гаргалгүй, төлөө жил бүр 100-гаас
дээш хувиар бойжуулж, намар хурга ишиг ялгахад ганц нэг хэнз хурга ишиг үлдэж,
бараг 100 хувь ялгагдаж, ноос, ноолуурын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж
байсан гэдэг.
Т.Жуужаа нь 1940 онд нутгийн ард
Ожоогийн Чулчаатай гэр бүл болж, 3 хүү, 2 охин төрүүлж өсгөн, хүмүүжүүлсэн нь улс, эх орныхоо үе үеийн бүтээн байгуулалтад гар бие
оролцож, өөрсдийнхөө мэдлэг, чадвар,
оюун ухаанаа дайчлан ажиллаж байна.
Тэрээр 1974 оноос
нас өндөр, эрүүл мэнд тааруу болсны улмаас мал маллахаа больсон байна.
Улмаар 1978 онд 65 настайдаа өндөр насны тэтгэвэрт гарч, 1985
онд 73 насандаа таалал төгсжээ.
“Одоогоос 80 жилийн
өмнө, 1939 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Халхын голын байлдааны шийдвэрлэх
тулалдаанд миний эцэгтэй мөр зэрэгцэн байлдаж явсан Монгол орны дөрвөн зүг,
найман зовхист аж төрөн амьдарч суугаа дайчид, тэдний үр хүүхэд, төрөл
төрөгсдөд болон Монгол, ОХУ-ын нийт ард
иргэдэд “Халхын голын ялалтын түүхт 80
жилийн ойн” гал цогтой халуун мэндийг Монгол орны алс баруун зүг,
Увсын цэнхэр хязгаараас хүргэе” хэмээн түүний отгон хүү Жуужаагийн Сорог хэллээ.