Ираны Гадаад хэргийн сайд “Их 7”-гийн уулзалтын хэлэлцээнд оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-26 12:17:02

ПАРИС. /BBC/. Өнгөрсөн ням гарагт “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф урьдчилан мэдээлээгүй, богино хэмжээний айлчлал хийжээ.


М.Зариф Францын баруун өмнөд нутгийн Биарриц хотод зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан яриа хэлэлцээнд оролцжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ-ын төлөөлөгчид Ираны Гадаад хэргийн сайдыг ирсэнд ихэд гайхсан байна.


М.Зариф айлчлалынхаа талаар твиттер хуудсандаа нийтлэхдээ, Францын Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нартай “үр дүнтэй” хэлэлцээ хийлээ гэжээ. Ираны Гадаад хэргийн сайд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой дээд хэмжээний уулзалтын өмнө буюу өнгөрсөн баасан гарагт уулзсан юм.


Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор байгуулсан 2015 оны гэрээнээс Вашингтон өнгөрсөн онд гарснаас хойш Иран, АНУ-ын харилцаа хурцдаж эхэлжээ. Франц тэргүүтэй гэрээнд оролцогч бусад таван орон гэрээг үргэлжлүүлэн дагаж мөрдөж байгаа боловч АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ дахин авсантай холбогдуулан тус улсын эрх баригчид гэрээний үүрэг амлалтуудаасаа няцаж эхэлсэн билээ.


Түүнчлэн М.Зарифын ням гарагийн айлчлалын талаарх мэдээллүүд өөр хоорондоо зөрөлдөж байжээ. Францын төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэхдээ, АНУ-ын төлөөлөгчидтэй тохиролцсоны дагуу Ираны Гадаад хэргийн сайдыг урьсан гэжээ. Харин Цагаан ордны мэдээлснээр, уг айлчлалын талаар урьдчилан мэдээлээгүй байжээ. 

Холбоотой мэдээ