Донецкт 3D принтерээр хэвлэсэн А.Пушкиний хөшөөг босгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-26 12:40:17

ДОНЕЦК. /TASS/. 3D принтерээр хэвлэж, бүтээсэн Оросын нэрт яруу найрагч Александр Пушкиний хөшөөг Донецк хотын Буденновский дүүрэгт босгожээ.


Донецкийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, уг хөшөөг Донецк хот байгуулагдсаны 150 жилийн ойд зориулан бүтээжээ. 1959 онд энд босгосон А.Пушкиний хөшөө хагарч муудсан, нурах аюултай байсан учраас 2019 оны наймдугаар сард буулгасан байна.


“Бидний мөрөөдөл буянтай хүмүүсийн ачаар биелж байна. Зарчмын хувьд энэ хөшөөг ард түмнийх гэж нэрлэж болно, учир нь уг хөшөөг бүтээхэд төсвөөс нэг ч зоос гаргаагүй” гэж Буденновский дүүргийн дарга Владимир Гетов хөшөөг нээх ёслолын ажиллагааны үеэр онцлон дурджээ.


Түүний хэлснээр, энэхүү хөшөө нь хот байгуулагдсаны 150 жилийн ой, А.Пушкиний мэндэлсний 220 жилийн ойд болон БНДАУ-д болж буй Орос хэлний жилийн хүрээнд барьж буй бэлэг болж байна. А.Пушкиний шинэ хөшөөний ойролцоох талбайг XVIII зууны үеийн хэв маягаар тохижуулах аж.


Хөшөөг полимерээр хийсэн бөгөөд дотор нь өндөр чанартай бетон цутгасан байна. 500 орчим кг жинтэй уг хөшөөг Москва хот дахь Пушкиний хөшөөг хуулбарлан бүтээжээ. 


Холбоотой мэдээ