Ан Сан Су Чиг Мьянмарын төрийн зөвлөхөөр томилох хуулийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-07 09:29:39

НЕЙПЬИДО. /NHK/. Ардчилсан удирдагч Ан Сан Су Чиг Мьянмарын төрийн зөвлөхөөр томилох тухай хуулийг тус улсын парламент баталжээ. Ингэснээр тэрбээр Мьянмарыг удирдах өргөн эрх мэдэлтэй болж байна. Уг хуулийг Зэвсэгт хүчнийхэн эсэргүүцэж байсан хэдий ч парламент нь баталжээ.

Ан Сан Су Чи нь Мьянмарын эрх баригч нам болох Ардчиллын төлөөх үндэсний холбооны тэргүүн билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан шинэ Засгийн газрын сайд, тухайлбал, Гадаад хэргийн сайдаар томилогджээ.

Гэвч Мьянмар улс цэргийн дэглэмтэй байх үед батлагдсан Үндсэн хуульд зааснаар, Ан Сан Су Чи тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй юм. Учир нь түүний хүүхдүүд гадаад улсын иргэншилтэй ажээ.

Ан Сан Су Чиг шинэ албан тушаалд томилох хуулийн төслийг Ардчиллын төлөөх үндэсний холбоо парламентад өргөн барьжээ. Тэрбээр энэ албан тушаалд томилогдсоноор Мьянмарын хууль тогтоох болон захиргааны байгууллагын хүрээнд ихээхэн эрх мэдэлтэй болох бөгөөд Засгийн газраас хамаарахгүйгээр эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжтой болж байна.

Мьянмарын парламентын нийт суудлын дөрөвний нэгийг тус улсын армийнхан эзэлдэг бөгөөд тэд уг хуулийн төслийг эрс эсэргүүцэж, улс орны ирээдүйд муугаар нөлөөлнө гэж үзэж байна. Энэ хууль Засгийн газар болон цэргийнхний хоорондын харилцаанд нөлөөлж болзошгүй юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ