280 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-27 15:53:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын хоёр, долоо, есдүгээр багийн иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээн авчээ. 

Цэцэрлэгийн барилгыг орон нутгийн "Гал хонгор" ХХК барьж ашиглалтад оруулж байгаа аж. Тус компанийнхан зураг төсөвт тусгагдаагүй зарим нэмэлт ажлыг өөрсдийн санаачилгаар гүйцэтгэснийг комиссын хурал дээр онцолж байв. 

Тус цэцэрлэг 280-350 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадал бүхий 12 бүлэг хичээллэх анги танхим, урлагийн болон бүжгийн заал, эрхлэгч, эмч, жижүүр, гал тогооны зэрэг томоохон зай талбай бүхий өрөө тасалгаатай, орчин үеийн чанарын шаардлагыг хангасан барилга болжээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн өмчийн болон хувийн 40 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 орчим хувьтай байдаг байна.

Холбоотой мэдээ