Г.Дөлгөөн: Хүний хөгжлийг дагаад нутгийн хөгжил, улсын хөгжил ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-28 16:38:13

Хэнтий /МОНЦАМЭ/  Төрийн банкны гүйцэтгэх захирал Хэнтий нутгийн уугуул Ганбямбын Дөлгөөнтэй хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэе. Тус банк 2019 онд Бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards” арга хэмжээнээс “Шилдэг Өсөлт” шагналыг гардан авсан билээ. Төрийн банкны Хэнтий салбар нь нийт 99 ажилтан, дөрвөн АТМ, 40 посын машинтайгаар үйл ажиллагаа явуулж байна.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Танай уншигчдад мөн энэ өдрийн мэнд хүргэе.
-Ямар шалгуур үзүүлэлтийг давж "Bloomberg TV Mongolia Awards” шагнал эзэндээ хүрэв ээ?

-Энэхүү шагнал бол Төрийн банкны ажилтнуудын хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүн юм. Төрийн банкны хувьд 2018 онд нийт активаа 27.9 хувиар өсгөн хоёр их наяд 989.9 тэрбум, татан төвлөрүүлсэн хөрөнгөө 30.5 хувиар өсгөн хоёр их наяд 716.8 тэрбум төгрөгт хүргэж, нийт зээлийн багцаа 28.3 хувиар өсгөсөн нь ТОП-5 банкны дотроо тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж, ахуйн хэрэглээний зээлийн хүүгээ бууруулж харилцагчиддаа бага хүүтэй зээл олгож, банкны нөөц дата төвөө үндсэн дата төвөөс 200 километрийн зайд байршуулан харилцагчдын мэдээллийн сангаа гал, усны эрсдэлээс хамгаалах нөхцөлийг арилжааны банкуудаас хамгийн түрүүнд биелүүлсэн.

-Төрийн банкны бусдаас ялгарах гол гурван онцлогийг нэрлээч гэвэл?

-Төрийн банк бол 100 хувь төрийн өмчит арилжааны цорын ганц банк. Тиймээс төрийн үйлчилгээг харилцагчид шуурхай хүргэхийг зорьдог. Төрийн банк нь 2.8 сая харилцагчтай Монгол Улсын өнцөг булан бүрт 500 гаруй салбар, 4000 орчим ажилтантай өргөн сүлжээтэй цахим банк. Байр, цахилгаан, кабель, СӨХ гэх мэт хэрэглээний төлбөрөөс гадна нийгмийн даатгал, автомашины торгууль, татвар гэх мэт төлбөрийг ямар ч шимтгэлгүй, банкинд очихгүйгээр Төрийн банкны интернэт банкны үйлчилгээ болох Гялсбанкаар төлөх боломжтой.

-Таныг энэ албан тушаалаас тань гадна Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү гэдгээр нь мэднэ. Гэхдээ уншигчдад маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Намайг Ганбямбын Дөлгөөн гэдэг. МУИС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн чиглэлээр магистр зэрэгтэй төгссөн. Банк санхүүгийн системд 11 дэх жилдээ ажиллаж байна. Одоо Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Та залуу хүн гэхэд банк санхүүгийн салбарт арван жил ажиллахдаа олон газраас туршлага хуримтлуулжээ?

-Би ажлынхаа гараагаа Монголбанкнаас эхэлсэн. 2008-2010 онд Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт нягтлан бодогч, 2010-2014 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, 2014-2015 онд Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын сангийн ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна. Мөн Польш, Германы Төв банк, ОУВС, Энэтхэгийн Төв банкинд мэргэжил дээшлүүлсэн.

-Ажлаа хүлээн авснаас хойш банкны салбарын зохистой бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ямар шинэчлэлүүдийг хийж байна вэ?

-Ажлаа хүлээн авснаасаа хойш Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, актив, пассивыг оновчтой удирдах замаар банкны үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийн багцдаа эрсдэлийн сан үүсгэн ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх бодлого барин ажилласан.

Мөн харилцагчаа эрсдэлээс хамгаалах зорилгоор Мэдээллийн системийн аюулгүй байдал нууцлал хамгаалалт PCI DSS нэгдсэн стандартын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж батламж авсан. Мөн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон мэдээлэл солилцох программ хангамжийг банкны бизнес нэгжүүдийн шаардлагын дагуу хөгжүүлэн нэвтрүүлсэн.

Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай корреспондент харилцаагаа өргөжүүлэн Сингапур улсын OCBC банктай шинэ харилцаа тогтоож ам.доллар, сингапур долларын ностро дансыг, Олон улсын санхүүгийн зах зээлд оролцон бонд, валют, хувьцааны арилжаа хийх шинэ суваг нээх зорилгоор Дани улсын Saxo банкинд байгууллагад зориулсан арилжааны данс нээсэн. Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд банкны 19 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүхий орлого, зарлагын 20 ширхэг АТМ, 720 ширхэг ПОС төхөөрөмжийг тус тус шинээр ашиглалтад оруулсан.

Түүнчлэн, 2018 оны санхүүгийн тайлангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-иар хийлгүүлж, Олон улсын зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг шинэчлэн хэтийн төлвийг “Тогтвортой” гэсэн үнэлгээ авсан.

2019 онд бид Банкны санхүүгийн гол үзүүлэлтээ өсгөх, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, харилцагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн цахим банкны шинэ технологиудыг судлан, хөгжүүлэхийг зорилт болгон ажиллаж байна.

-Төрийн банкны салбар, ажиллагсдын тоо хэд бэ? Тэднийхээ нийгмийн асуудалд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-Төрийн банк 500 гаруй салбар 3800 гаруй ажилтантай. Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд аль болох анхаарахыг хичээдэг. Жишээлбэл, 2018 онд банкны ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Мөн банкны ажилтнуудын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 150 орчим ажилтанд найман хувийн орон сууцны зээлийн эрхийг олгосон. Улаанбаатар болон Орон нутгийн нэгжийн ажилтнуудын үндсэн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.

-Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбар ажлаараа 21 аймгаасаа хэдэд явдаг вэ?

-Төрийн банкны хувьд улирал бүр салбарууддаа төлөвлөгөө өгч төлөвлөгөөний биелэлтээр байр эзлүүлдэг. Хэнтий салбарын хувьд тогтмол амжилттай оролцдог салбарын нэг. Одоогоор Хэнтий аймагт Төрийн банкны нэг салбар, 20 тооцооны төвд 99 ажилтан ажиллаж байна.

-Төрийн банк нь Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамжийн мөнгө олгох ажлын 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг. Ачаалал хэр үүсдэг вэ?

-Төрийн банк төрөөс иргэдэд олгодог 72 төрлийн халамжийн үйлчилгээг дамжуулан олгодог. 2019 оны нэгдүгээр сарын нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банкинд оройтож орж ирсэн, мөн бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзсан тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк давхардсан тоогоор 360 мянган иргэнд олгохоор болсон нь Улаанбаатар хотын зарим салбар нэгжийн ачаалал нэмэгдэж, дараалал үүсч байсан. Тиймээс бид харилцагчиддаа банкинд дараалан зогсохгүй цахим үйлчилгээ авахыг санал болгож байгаа.

-Төрийн банкны Хэнтий аймаг дахь хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авч байсан уу? Үр дүнд суурилсан цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Өнгөрсөн жилийн есдүгээр сард Хэнтий аймагт “Харилцагчийн өдөрлөг” зохион байгуулсан.

Тус өдөрлөгийн үеэр Төрийн банкны иж бүрэн явуулын банк ажиллан иргэд, харилцагчдынхаа банкинд зарцуулах цаг хугацааг хэмнэх, ахуйн хэрэгцээгээ санхүүжүүлэх, бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх, олон улсад төлбөр тооцоо хийх, санхүүгийн боловсрол олгоход чиглэсэн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, бүртгэх, олгохоос гадна сургалт, зөвлөгөө, судалгаа авсан. Судалгааны үр дүнгээр өрхийн санхүүгээ хэрхэн зөв зохистой удирдах талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байсан. Тиймээс бид Монгол Улсад Банкны тогтолцоо үүсч хөгжсөний 95 жилийн ой, Төрийн банкны 10 жилийн ойг угтан харилцагчиддаа Санхүүгийн боловсрол олгох чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Танай банкнаас нийгэм рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлдэг. Хамгийн сүүлд зохион байгуулсан ажлаа дурдвал?

-Сүүлийн ажил гэвэл Төрийн банкны 500 гаруй салбар нэгжийн 3800 ажилтан албан хаагчид өөрсдийн амьдарч буй хот, аймаг, дүүрэг, сумын ойр орчмын гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэх “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” зохион байгуулж Монгол Улсын хэмжээнд нийт 6016 га газрыг цэвэрлэн 650 тонн буюу нийт 400 гаруй машин хог хаягдал цэвэрлэсэн. Манай хамт олны санаачилгаар Монгол Улс даяар өрнөж буй “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аянаараа дамжуулан аялал зугаалгаар явахдаа Гялсбанк үйлчилгээгээр байрны төлбөрөө гурван минутад төлдөг шиг гуравхан минут зарцуулаад байгальд хаясан хогоо цэвэрлээд яваарай гэж нийт иргэддээ уриалж байгаа юм.

-Одоо хоёулаа чөлөөт асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье ээ. Хэнтий нутгаараа хэзээ хамгийн сүүлд очив?

-Нутаг руугаа саяхан яваад ирсэн. Зуншлага сайхан байна лээ.

-Хан Хэнтий гэхээр өөрийн эрхгүй нэг тийм омогшил төрдөг. Таны хувьд нутгийнхаа хөгжлийг хэрхэн төсөөлж байна?

-Тэгэлгүй яахав, Эзэн богд Чингис хааны өлгий, Монгол Улсынхаа зүрхэнд байрладаг Хан Хэнтий нутагтаа төрж, өссөнөөрөө омогшдог. Манай нутаг түүхийн арвин баялагтайгаас гадна Их хориг, Бурхан Халдун уул, Балдан Бэрээвэн хийд, Дэлүүн болдог, Хар зүрхний Хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон, Өглөгчийн хэрэм, Рашаан хад, Дуурлиг нарсны Хүннүгийн булш зэрэг түүх соёлын олон дурсгалт газар байдаг. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлж, газар нутаг, түүх соёлоо гайхуулж амьдрах боломж бид бүхэнд бүрэн бий.  

-Таны аав УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг танихгүй хүн ховор. Аавынхаа ямар зангаар илүүтэй бахархаж үлгэрлэдэг вэ?

-Тийм ээ, Манай аав улс төрч, эдийн засгийн ухааны доктор хүн. Олон хүн аавыг минь шударга хүн гэж хүндэлдэг. Аавынхаа шударга, зарчимтай, хувийн зохион байгуулалт сайтай, ажилч хөдөлмөрч зангаар нь бахархдаг.

-Ээж тань аль нутгийн хүн бэ? Эхээс хэдүүл вэ?

-Манай ээжийг Жаргалсайхан гэдэг. Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул. Аавтай маань 1983 онд ханилан суугаад Хэнтий аймгийн хүн болсон. Би эхээс хоёулаа. Миний эгчийг Билгүүн гэдэг. Гурван хүүтэй дархан бэр. Мөн эдийн засагч мэргэжилтэй.

-Цаашдаа аавынхаа үйл хэргийг залгаж улс төрд орох бодол байдаг уу?

-Миний хувьд тийм бодол байхгүй. Би эдийн засагч, банк санхүүгийн мэргэжилтэй 10 гаруй жил банкны салбарт ажилласан банкир хүн. Мэргэжлээрээ ажиллахыг чухалчилдаг.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв? Аавын мэргэжил нөлөөлсөн үү?

-Би сурагч байхын эдийн засагт сонирхолтой хүүхэд байсан. Аавынхаа мэргэжлийг өвлөн авч, мэргэжлээрээ ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Өрх гэрийн гишүүн бүр, байгууллага ААН-ийн ажилтан албан хаагч бүр санхүүгийн тодорхой мэдлэг мэдээлэлтэй байх нь зүйтэй гэж боддог. Санхүүгийн боловсролыг хэрхэн сайжруулах арга байна вэ?

-Миний бодлоор Санхүүгийн боловсролоо сайжруулах гэдэг нь олсон орлогоо төлөвлөсөн зүйлдээ зарцуулсан эсэхээ мэдэх нь чухал. Хэрэв төлөвлөгөөгүй зүйлдээ зарцуулсан бол тэр мөнгөө хэмнээд хуримтлал үүсгэж болно. Төлөвлөсөн зүйлдээ зарцуулсан эсэхээ мэдэхийг хүсвэл нэг сар огт бэлэн мөнгө ашиглахгүй картаараа бүх төлбөр тооцоогоо хийгээд үз. Тэгээд интернэт банкны хуулгаараа юунд зарцуулснаа харж болно. Санхүүгийн боловсролтой хүн гэдэг бол Санхүүгийн төлөвлөгөөгөө зуршил болгосон хүнийг хэлнэ. Тиймээс хүн өөрт тохирсон санхүүгийн зөв зуршил эзэмших нь чухал.

-Техник технологи хөгжсөн эрин үед ажлаа хөнгөвчлөх гар утасны апплейкшн, програмаас та юуг хамгийн их ашигладаг вэ?

-Миний хувьд уламжлал хэв маяг болон орчин үеийн техник технологийг хослуулахыг хичээдэг. Мэдээж и-мэйл, гар утасны тэмдэглэл, planner болон зарим апплейкшныг тогтмол ашигладаг. Мөн байнга тэмдэглэлийн дэвтэртэй явж, тогтмол хөтөлдөг.

-Хувь хүний цагийн менежментээсээ хуваалцвал?

-Эдийн засаг, банк санхүүгийн салбар бол цаг, минутаар өөрчлөгдөж байдаг маш хурдтай салбарын нэг. Монголбанкнаас ажил хөдөлмөрийнхөө суурийг тавьсан учир цагийг ягштал барьж сурсан. Цагийн хуваарийг тогтмол гаргадаг. Түүнийгээ зөрчихийг хүсдэггүй, бас хүн хүлээлгэхийг хүсдэггүй. Мөн ажлын цагтаа аль болох бүтээмжтэй, завгүй ажиллаж амралтын цагаа гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг.

-Яг одоо та ямар ажил дээр төвлөрч байна даа?

-Удахгүй банк санхүүгийн хагас жил дуусна. Тиймээс 2019 оны эхний хагас жилд хийхээр зорьсон ажлуудаа бүрэн дуусгахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд Банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Манай банкны 10 жилийн ой тохиож байгаа тул бид инновацийг нэвтрүүлэх, эрсдэлгүй байх олон ажлыг төлөвлөсөн байгаа. Наадмын дараа намар гэдэгчлэн долдугаар сараас ирэх оны бизнес төлөвлөгөө, анхүүгийн төлөвлөгөөндөө төвлөрч ажиллана.

-Анхаарал төвлөрөлтөө хэрхэн удирддаг вэ? Ямар нэгэн арга барил ч юмуу тийм зүйл бий юу?

-Ер нь анхаарал төвлөрөх нь маш чухал, ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг. Миний хувьд Випашня бясалгалаар хичээллэхийг оролддог. Анафан дасгал дээр суурилан анхаарлаа төвлөрүүлдэг. Дотоод бодлоо цэгцэлж сурах олон давуу талтай.

-Энэ зуунд залуус маань гоо сайхан эрүүл мэндээр чимдэг зуун болжээ. Таны хувьд эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн нэвтрүүлдэг вэ өөртөө болон гэр бүлдээ?

-Амьдралын хэв маяг эрүүл байх ёстой. Аливаа зүйлийг зохистой байлгахыг хичээдэг. Хүн бүрийн адил гэр бүлээрээ эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж, спортоор хичээллэхийг зорьдог.

Мөн банкны ажилтнуудаа эрүүл хэв маягт уриалах зорилготой “Statebank hiking” клуб байгуулан сар бүр ууланд алхдаг.

-Таны эрхэмлэн хүндэтгэж, эрч хүч авдаг зүйл тань юу вэ?

-Гэр бүл.

-Залуу хүний хувьд ирээдүйн зорилго том гэдэг нь мэдээж, түүн дунд нутаг орон руугаа чиглэсэн, залуусын хөгжилд нөлөөлөхүйц ажлууд төлөвлөгдсөн болов уу?

-Боловсролын талд хийхээр бодсон, төлөвлөсөн ажлууд байгаа. Биет хөрөнгө оруулалт чухал, гэхдээ хүнээ хөгжүүлэх ёстой. Хүний хөгжлийг дагаад нутгийн хөгжил, улсын хөгжил ирнэ гэж боддог.

-Бидний урилгыг хүлээн авч нээлттэй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ