Зааны тугалыг амьтны хүрээлэнд худалдахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-28 13:36:33

ЖЕНЕВ. /The Guardian/. Африкийн зааны тугалуудыг зэрлэг байгалиас нь авчран амьтны хүрээлэнгүүдэд худалдахыг хориглох шийдвэрийг мягмар гарагт Швейцарын Женев хотноо зохион байгуулсан уулзалтын үеэр гаргажээ.


Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцид оролцогч талууд олон хоногийн турш мэтгэлцсэний дүнд уг дүрэм журмыг чангатгахаар болсон байна.


Энэхүү хоригийг дэмжих шийдвэрийг Европын Холбоо сүүлд гаргаснаар олонхийн саналаар /87-29/ баталжээ. Харин зааны гол экспортлогч Зимбабве тэргүүтэй орнууд уг хоригийн эсрэг санал өгчээ.


Мягмар гарагт гаргасан шийдвэрээр зааны худалдааны зохицуулалтыг улам чангатгахаар болжээ. 2012 оноос хойш Хятадын амьтны хүрээлэнгүүд рүү 100 гаруй зааны тугалыг экспортолсон гэж “Humane Society International” байгууллагаас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ