Г.Занданшатар: Монгол Улсыг Оюутолгой биш Оюунтай толгой хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-28 20:57:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцов.


Энэ хичээлийн жилд дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн, олон улсын их дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын 65, магистрын 143, докторын 86 хөтөлбөрөөр сургалт явуулах аж. Энэ хичээлийн жилд салбар 10 бүрэлдэхүүн сургуульд шинээр 2300 оюутан элсэж, нийт 23930 оюутан суралцах юм байна. Түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулиас одоогоор нийт 80 мянган гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд төгсөн гарчээ.



Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс орны их бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн үе үеийн мянга мянган төгсөгч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд том үүрэг гүйцэтгэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгийнхээ эхэнд онцлов. Тэрбээр, “Оюутан та бүхэн өнөөдөр амьдралынхаа нэгээхэн том зорилгыг биелүүлэхээр зориг шулуудан, их дээд сургуулийн хаалгаар орж, оюутан хэмээх эрхэм нэр хүндийг олж авч байна. “Оюутан” гэдэг “Оюунтан” болно гэсэн үг.  Оюутны хэдэн жилийн амжилт зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Амжилттай суралцана гэдэг бол ихээхэн хүч хөдөлмөр, зүтгэл, шаргуу хөдөлмөр шаардана гэдгийг санах хэрэгтэй. 10 жилийн өмнө “Монгол Улсыг Оюутолгой хөгжүүлэхгүй, Оюунтай толгой хөгжүүлнэ” гэж хэлж байснаа давтан хэлмээр байна. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын энэ эрин үед Монгол Улсын дээд боловсролын салбарыг улам бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ажлыг төрийн өмчийн их дээд сургуулиудаас эхлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын төр засаг үзэж байна.



Дэлхий дахинаа авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж эхэллээ. Дэлхийн тэргүүлэх компаниуд тухайлбал, Google, Apple зэрэг компаниуд ажилд авахдаа боловсролын зэрэг, диплом гэсэн шалгуураас татгалзаж тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, мэдлэг чадвар эзэмшсэн авьяаслаг залуучуудыг ажилд авч эхэлсэн. Дээд боловсролын диплом, зэрэг, цолны үнэгүйдэл явагдаж эхэллээ. Манай орны хувьд авьяаслаг залуучуудыг дэмжих талаар тодорхой бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Baby boomer-ийн үе өнгөрч Милленнелийн эрин үе эхэлж байна. Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн 74-80 хувь нь дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн орж байгаа нь дэлхийн дунджаас хэт өндөр байгаа нь манай орны боловсролын системийн тэнцвэртэй тогтолцоог алдагдуулж байна. Иймд дээд боловсролын сургалтын тогтолцоог эрс шинэчилж, дэлхийн түвшний их сургуультай болох зорилго тавих цаг болжээ. Манай их сургуулиудын багш нарын 20-30 хувь нь эрдмийн зэрэгтэй байгаа нь судалгааны их сургууль болох үзүүлэлтээс нэлээд доогуур байгаа. Харин эрдмийн зэрэгтэй багш нарын 30 гаруй хувь нь гадаадад хамгаалсан залуучууд байгаа нь төрийн тодорхой дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэх боломжтой” хэмээв. 



ШУТИС нь судалгаанд суурилсан их сургууль болох зорилт тавьж, судалгаа инновацын дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулан лаборатори, гарааны компани, нээлттэй боловсролын төв, коллеж, музей зэрэг олон чухал нэгжийн үйл ажиллагааг явуулах шинэ сургалтын байрыг ашиглалтад оруулсан. Сургалтын орчин үеийн онол чиглэлд тулгуурлан 60 гаруй үндсэн сурах бичгийг шинэчлэн хэвлүүлсэн. Мөн үр дүнд суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэх CDIO стандартын арга зүйг ашиглан инженерийн боловсролын 26 хөтөлбөрөө шинэчлээд байгаа талаараа тус сургуулийн ректор, доктор, профессор Б.Очирбат танилцууллаа.



Нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцож, оюутан залууст сурлагын өндөр амжилтыг хүслээ. Мөн энэ үеэр УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүс оюутны бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.


Дашрамд тэмдэглэхэд, тус сургуулийн 130 оюутан “Оюутан цэрэг-2019” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд Механик, тээврийн сургуулийн оюутан Г.Баасансүрэн, М.Төгөлдөр, Геологи, уул уурхайн сургуулийн оюутан Г.Өнөбат нар алба хаах хугацаандаа бага бууны буудлагын унадаг байны төхөөрөмж зохион бүтээж, цэргийн сургалтад амжилттай ашиглажээ.

Холбоотой мэдээ