Загастайн давааны зам засварын ажил 12 дугаар сар хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-29 09:29:03

Завхан /МОНЦАМЭ/. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улиастай-Загастайн давааны 67 километр авто замын барилгын ажлын явцтай танилцлаа.

Тэрбээр Завхан аймагт гурван өдөр ажиллаж Завханы Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай авто зам, Донойн нисэх буудлын хөөрөх, буух зурвасын нээлтэд оролцжээ. Мөн Загастайн давааны зам засварын ажлын явцтай танилцсан юм. Сайдын тушаалаар 9 дүгээр сарын нэгэн гэхэд эхний 30 км замыг барьж дуусган Хатавчийн давааны замыг нээхээр төлөвлөсөн байсан боловч тодорхой шалтгааны улмаас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар боллоо. 

Өөрөөр хэлбэл эдгээр замыг нээх хүртэл одоогийн явж байгаа маршрут буюу Улиастайгаас Яруу, Хатавчийн даваагаар зорчихоор болжээ. Учир нь тус даваа нь мөнх цэвдэгтэй, хадархаг, намаг ихтэй огцом хавцалтай зам учраас хөдөлгөөнийг заавал хааж байж уулын тэсэлгээг хийх учраас зэргэлдээ нэмэлт зам гаргах боломжгүй аж. Өнөөдрийн байдлаар Загастайн давааны замын суурь, уулын ажлыг хийж байна. Ийнхүү энэ зам ашиглалтад орсноор Завхан аймгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тус аймгийг зорих дотоод, гадаадын аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг сайд онцлов.


Автотээврийн төвийн барилгын ажил

60 гаруй хувьтай байна

Завхан аймагт шинээр барьж буй авто вокзал, оношилгооны төвийн барилгын ажлын явц 60 гаруй хувьтай байна.

Энэхүү барилгын ажлын явцтай сайд танилцаж, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. Авто вокзалын барилга нь тэнхлэгээрээ 18x12 метр хэмжээтэй, гурван давхар, карказан хийцлэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга юм. Захиалагчийн техник, хяналтын гүйцэтгэгчээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, зураг төсөл зохиогчоор "Барнаб" ХХК, гүйцэтгэгчээр "Хөх хайрхан трейд" ХХК зэрэг байгууллага ирэх 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ