Улаан дарс жинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-29 14:10:51

ЛОНДОН. /The Times/. Улаан дарсыг бага хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, жинг барих, гэдэсний хэвийн бичил биетнийг эрүүл байлгахад нөлөөлдөг гэж Их Британийн эрдэмтэд судалгаагаар дүгнэжээ.


Туршилтанд Их Британи, Нидерланд, АНУ-д амьдардаг 3 мянга орчим хүн оролцсон байна. Лондоны эзэн хааны коллежийн мэргэжилтнүүд оролцогчдын согтууруулах ундааны хэмжээ болон төрлүүдээс нь хамаарч эрүүл мэндийнх нь байдал хэрхэн өөрчлөгдөж байсныг ажиглажээ. Спирт агуулсан бусад согтууруулах ундаа дундаас улаан дарсыг илүүд үздэг хүмүүс таргалалтад өртөх нь бага байснаас гадна цусан дахь холестерины түвшин илүү бага, гэдэс дотор олон янзын ашигтай бактер байсныг судалгааны дүн харуулсан байна.


Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд улаан дарсыг зохистой хэмжээнд хэрэглэхийг зөвлөсөн байна. Тодруулбал, хоёр долоо хоногт нэг хундага улаан дарс хэрэглэхийг зохистой түвшин гэж үзэж байна.


“Согтууруулах ундааны төрлөөс ашигтайг нь сонгох шаардлага гарвал улаан дарсыг хамгийн тохирох хувилбар гэж үзэж байна. Улаан дарс нь хүний эрүүл мэнд, нэн ялангуяа гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг” хэмээн Лондоны эзэн хааны коллежийн профессор Кэролайн Ле Рой ярьжээ.


Улаан дарсны эерэг нөлөөг полифенол хэмээх химийн онцгой нэгдлүүдийг ихээхэн хэмжээгээр нь агуулдагтай нь холбон тайлбарлаж байна.  

Холбоотой мэдээ