Ким Жөн Ун АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирнэ гэж найдаж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-30 14:14:26

БАНГКОК. /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин есдүгээр сарын 1-3-нд Тайланд улсад айлчлахынхаа өмнө “Bangkok Post” сонинд ярилцлага өгөхдөө, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Бусан хотод болох Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.


АСЕАН-Өмнөд Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийсний 30 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт, Меконг голын дагуу оршдог Зүүн Өмнөд Азийн таван орон-Өмнөд Солонгосын уулзалт улсад нь 11 дүгээр сард болно гэдгийг Мүн Жэ Ин дурджээ. Үүнтэй холбоотойгоор Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодод БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уныг урих санал гаргасан бөгөөд энэ саналыг хэд хэдэн улсын төрийн тэргүүн нар дэмжжээ. “Хэрэв Ким Жөн Ун уулзалтад нэгдвэл Солонгосын хойг болон Зүүн Азид бат бөх энх тайван тогтооход чухал хувь нэмэр оруулна. Банконгт болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүс нутгийн орнууд Умард Солонгостой хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж чадсан” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.


“Мэдээж хэрэг Ким Жөн Уныг урих шийдвэрийг Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл явцад, түүний дотор АНУ, Умард Солонгосын яриа хэлэлцээнд гарах ахиц дэвшилтэй холбогдуулан гаргах ёстой. Бид АСЕАН-ы орнуудтай хийх холбогдох зөвлөлдөөнд үргэлжлүүлэн оролцоно” гэж Мүн Жэ Ин хэлсэн байна.


БНСУ-ын Ерөнхийлөгчийн онцлон тэмдэглэснээр, “Ким Жөн Ун өнгөрсөн жил Солонгос хоорондын гурван дээд хэмжээний уулзалт болон АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хоёр уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хэвээр гэдгээ маш тодорхой мэдэгдсэн”. “Тэрбээр цөмийн хөтөлбөрийн оронд эдийн засгаа хөгжүүлэхийг сонгож, урагш ахихад бэлэн гэдгээ биечлэн илэрхийлсэн. АСЕАН Умард Солонгост цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад нь тусалж, бид бүгдтэй хийх эдийн засгийн хамтын ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.


“Өмнөд болон Умард Солонгос хамтран ажиллаж, энх тайван эдийн засгийг бүтээж чадвал тэд БНХАУ, ОХУ, Төв Азийн улсуудтай төдийгүй Европын орнуудтай нягт хамтран ажиллаж чадна. Энэ бол Солонгосын Засгийн газрын “умардыг чиглэсэн шинэ бодлого”. Өмнөдөд бид АСЕАН болон Энэтхэг улстай хамтран ажиллаж, хамтдаа хөгжих боломжтой. Энэ бол “өмнөдийг чиглэсэн шинэ бодлого”” гэж Мүн Жэ Ин дүгнэн хэлсэн байна.


Холбоотой мэдээ