А.В.Гордеев: Монгол, Оросын худалдааны эргэлтийг 2 тэрбум ам.долларт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-02 21:47:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд хоёр тэрбум ам.долларт хүргэх зорилттойгоор ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо өнөөдөр нээлээ. 


ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар нээх ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов нар оролцов. 


Ёслолын үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг мөчид ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээж байгаа нь онцлон тэмдэглүүштэй явдал хэмээн тодотгоод, зочид, төлөөлөгчдөд ялалтын өндөр ойн мэнд дэвшүүллээ. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай тогтоосон харилцаагаа бүх талаараа хөгжүүлэх тэмүүлэлтэй байдаг. Улаанбаатар хотноо ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар нээж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нотолгоо юм. Энэ дашрамд, тун удахгүй ОХУ-ын Владивосток хотод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээж, алтан соёмбот Төрийнхөө далбааг мандуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Ингэснээр, хоёр орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын түншлэлийг нэмэгдүүлж, бүхий л салбарт шинэ төсөл хөтөлбөр боловсруулах боломжийг эрэлхийлэхэд чухал алхам болно” хэмээгээд Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын цаашдын ажилд амжилт хүсэв. 


ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев, “Шадар сайд Ө.Энхтүвшинтэй хийсэн өнөөдрийн хэлэлцээгээр, манай улс Монголын худалдааны эргэлтийг ирэх жилд хоёр тэрбум ам.долларт хүргэх зорилготой ажиллана гэдгээ илэрхийлсэн. Худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах нь хамгийн чухал. Тиймээс энэхүү Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол, Оросын бизнес эрхлэгчдэд үргэлж нээлттэй байгаасай гэж хүсэж байна” хэмээв. 


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,  өнөөдөр бид Орос анд нөхөдтэйгөө эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар яриад зогсож байгаа нь Халх голын дайнд тулалдсан хоёр орны дайчдын түүхэн гавьяа юм” хэмээн онцлов. Тэрбээр,  “Монгол Улс, ОХУ хоёр талдаа өөрийн Худалдааны төлөөлөгчийн газар нээж, эдийн засгийн харилцаагаа сайжруулж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байгаад баяртай байна.  ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев таны хэлсэн хоёр орны худалдааны эргэлтийг хоёр тэрбум ам.долларт хүргэх амлалтыг сайшаалтай хүлээж авлаа. Үүнд Монголын талын экспорт тэр хэмжээнд өсвөл маш сайн юм” хэмээсэн юм.  


ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, “ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён В.В.Путин Монгол Улсад айлчилж буй энэ үед Улаанбаатар хотноо Худалдааны төлөөлөгчийн газрыг нээж байна. Маргааш хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой яриа, хэлэлцээр өрнөнө. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв болон өнөөгийн байдлын талаарх яриа, хэлэлцээр болох юм. Ирэх жилүүдэд хоёр орны худалдааны эргэлтийг хоёр тэрбум ам.долларт хүргэхээр хоёр тал тохирсон байна. Тиймээс манай Элчин сайдын яамнаас Худалдааны төлөөлөгчийн газарт бүх талаар дэмжлэг үзүүлнэ” хэмээлээ. 


Ийнхүү хүндэт зочид үг хэлснийхээ дараа ОХУ-ын Төлөөлөгчийн газрын тууз хайчилж, ОХУ-ын төрийн далбааг мандуулсан юм. 

Холбоотой мэдээ