Орост төгсөгчдийн чуулганыг Халх голын ойд зориулан зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Орос (Зөвлөлт)-т сургууль төгсөгчдийн чуулган өнөөдөр эхэллээ.
Чуулганы үйл ажиллагааг “Континенталь”
зочид буудалд өнөөдөр болсон уулзалтаар нээв. Уулзалтын хүндэт зочин нь Халх
голын ялалтын 80 жилийн ойгоор манай улсад ирээд буй Оросын сансрын нисгэгч, ЗХУ-ын
хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков болон ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, Байгалийн их
сургууль, Уралын холбооны их сургуулийн захирал, профессорууд байв. Уулзалтад
Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар оролцож Оросын хүндэт
зочдод баяр хүргэж манай улсад тавтай зочлохыг хүсэн ерөөлөө.
Чуулган маргааш, есдүгээр сарын 3-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд үргэлжилж “Орос хэл нэгдэн хөгжих үндсэн суурь болох нь”, “Халх голын дайны түүхэн ач холбогдол, үр дүн” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцэх юм.
Чуулганы талаар Монгол Улсаас ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн (МАВСУЗ) холбооны дэд ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаагаас тодрууллаа. Тэрээр, “ОХУ-д төгсөгчдийн чуулганыг Халх голын дайны ялалтын ойд зориулан хийе гэсэн саналыг анх Уралын Холбооны их сургууль төгсөгчид гаргасныг манай холбоо баяртай хүлээн авч, чуулганыг хамтран зохион байгуулж байна. Манай хоёр холбооноос гадна ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлаг идэвхтэй дэмжин оролцож байна. Уралын Холбооны их сургууль манай чуулганд төлөөлөгчид болон урлагийн тоглолтын баг явуулж их анхаарал тавин оролцож байна.
Чуулганаа
зохион байгуулахаар нэлээд хэдэн сар бэлтгэж, маршал Г.К.Жуковын номыг орчуулж
гаргаад байна. Мөн төгсөгчдийн баримтат кино хийлээ. Чуулганыг зохион
байгуулахад “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа,
дэд ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар
идэвхийлэн дэмжлээ” гэв.
Чуулганд ОХУ-аас 20
төлөөлөл оролцож байна. Мөн ОХУ-д сургууль төгссөн Балбын вант улсын төлөөлөл
ирж оролцож байна.
Тодруулга: Анх 1922 онд манай улсаас 15 охид, хөвгүүд Орос улсад суралцахаар хойд хөршид хөл тавьснаас хойших 96 жилийн түүхийн хугацаанд Монголоос Орос улсад 60 гаруй мянган хүн их, дээд, тусгай мэргэжил эзэмшин төгсжээ.
Б.Болд