Сэлэнгийг бүрхсэн "Хурд"-ын хайр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-04 13:36:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” аян 20 дахь аймагтаа буюу Сэлэнгэ аймагт амжилттай үргэлжиллээ. Наран ургах зүгийн Хэнтий аймгаас 6-р сарын 24-нд эхлүүлсэн хайртай аялан тоглолт монгол орноо нар зөв эргэн ийнхүү 9-р сарын 2-ны өдөр Монгол орны хойморт орших Сэлэнгэ аймагт түглээ.

Аяллын багийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Сүхбаатар хаалган дээр хүндэтгэлтэйгээр угтан авсан. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг, түүнчлэн энэ жил Монгол Улсад “Атар газар” эзэмшсэний 60 жилийн ой тохиож буй тул энэ бүх онцлогийг харуулсан бяцхан үйл ажиллагаагаар “Хурд”-ын “Хайртай” аяны баг хамт олныг угтав.

"Хайртай” аяны эхний өдрийн үйл ажиллагаа сургагч багш Ц.Наранхандын “Хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан” лекцийг багш нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүдэд зориулан тавьснаар эхэллээ. Харин хайртай аяны хоёр дахь өдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагч, залуучуудад зориулан "Эр хүний ноён нуруу" чин сэтгэлийн яриа, "Хөвгүүдийн уулзалт"-аар үргэлжиллээ.

Хайртай аяныг санаачлагч “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр:”Өнөөдрийн нийгэм, цаг үеийн байдал Хурд хамтлагийг энэхүү хайртай аяныг санаачлахад хүргэлээ. Өнөөгийн цаг үед бидэнд соён гэгээрэл асар их хэрэгтэй байгааг санууллаа. Бид гэр бүлдээ амьд харилцаа гэдэг зүйлийг эгүүлэн авч ирэх хэрэгтэй. Энэ маш их дутагдаж байна. Бид төр засгийнхаа дэмжлэгийг аваад явж байгаа нь ийм учиртай юм. Хайртай байж яагаад болохгүй гэж. Бие биедээ хайртай гэж хэлэхээ больсон байна. Маш богино, асар өндөр агуулгатай энэ үгийг хэлж байя. Үр хүүхдээ, эх орноо, газар нутгаа, хань ижлээ, бүх баялгаа хайрлая. Хойч үедээ үлдээе. Хайртай аяны зорьсон зорилго энэ. Хувьсгалын өлгий, үржил шимт Сэлэнгэ нутагт ирээд сэтгэл өндөр байна” хэмээн ярилаа.

"Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе” уриатай 25 жилийн түүхтэй "Хурд” хамтлагийн санаачилсан аян нь  ард иргэдийг соён гэгээрүүлэх, улмаар залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой байв. Хайртай аян "Хурд" хамтлагийн "Эх орны хийморь” цэнгүүнээр өндөрлөлөө.

Сэлэнгийн ард түмэн хайртай аянд сэтгэл зүрхээрээ нэгдэн орлоо.



Холбоотой мэдээ