“Facebook” нийтлэлүүдийн “like”-н тоог харагдахгүй болгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-04 15:18:29

ВАШИНГТОН. /Telegraph/. Facebook” нийгмийн сүлжээний хавсралтын “Android” үйлдлийн системтэй гар утаснуудад зориулсан хувилбар дахь нийтлэлүүдийн “like”-н тоог харагдахгүй болгох кодын эхний загварыг нэгэн инженер олжээ.


Албан ёсоор идэвхжүүлээгүй байгаа уг кодыг Хонконгийн инженер Жейн Манчун Вонг олсон байна. Facebook” компанийн Instagram” нийгмийн сүлжээ хэрэглэгчдэдээ учрах дарамт шахалтыг арилгахын тулд Австрали, Япон зэрэг орны хэрэглэгчдийн нийтлэлийн “like”-н тоог харагдахгүй болгох туршилтыг явуулж байгаа юм.


Өнгөрсөн долдугаар сараас хэд хэдэн оронд хэрэгжүүлж эхэлсэн дээрх туршилтын дагуу “Instagram” хэрэглэгчдийн нийтлэлүүдийн доор “like”-н тооны оронд “хэн нэгний нэр болон бусад” хэмээх үг харагдах ажээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчид өөрсдийнхөө нийтлэлийг хэдэн “like” авсныг харах боломжтой юм.


Өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд орох зэргээр залуучуудад сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэлд нийгмийн сүлжээнүүд өртөх болсон билээ. “Instagram” уг туршилтыг тавдугаар сард Канадад анх явуулсан бөгөөд одоо Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Итали, Япон, Бразилд үргэлжлүүлж байгаа ажээ. 


Ташрамд дурдахад, Кевин Систром, Майк Кригер нарын 2010 онд бүтээсэн "Instagram" нийгмийн сүлжээг "Facebook" компани 2012 оны дөрөвдүгээр сард нэг тэрбум орчим ам.доллароор худалдан авсан билээ. 

Холбоотой мэдээ