Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Ноосны урамшууллыг малчны өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанарыг харгалзан кг тутамд 1500-2000 төгрөг байхаар батлав.
Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгджээ.
Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орсон нь ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, өртөг багатай чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ноос ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг Улсын хэмжээнд 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болов.
Ноос тушаах, урамшуулал олгохтой холбоотой ажлыг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулах юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр болов. Түүнчлэн Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тус хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан билээ.