“Унаган нутаг минь Өвөрхангай” зургийн цомог худалдаанд гарлаа

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 08:43:04

Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт байгаль, соёлын өв бүхий түүхийн дурсгалт газрууд, ахуй заншил, лого бэлэгдэлүүдийг багтаасан “Унаган нутаг минь Өвөрхангай” гэрэл зургийн альбом хэвлэгдэн гарлаа.

Үүнийг Арвайхээр сумын гэрэл зурагчин С.Чинбат хэмээх залуу өөрийн санхүүжилтээр хүсэл сонирхлынхоо хүрээнд хийснээрээ онцлог юм. Тэрээр 2014 оноос эхлэн бүх сумдын байгалиар тойрч, багагүй цаг зав, зардал мөнгө зориулсан гэдгээ хэлж байлаа. Номонд 1000 орчим зураг багтсан бөгөөд А4 хэмжээгээр 300 нүүр бэлтгэн Мөнхийн үсэг ХК-д хэвлүүлжээ.

“Номын материалыг бүрдүүлэхэд зарим сумдууд тусалж дэмжин нутаг орныхоо тухай судалгааг өгсөн. Зураг авалтын үеэр замчин гаргаж өгсөн нь миний ажилд маш их тус дэм болсон. Тийм учраас энэ номонд маань 19 сумын үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрын зургууд дэлгэрэнгүй багтаж, түүнийг англи хэл дээр хөрвүүлэн гаргаснаараа, мөн сумдын лого, бэлэгдэл, тугийг анх удаа нэгтгэж гаргаснаараа бусад номоос давуу болсон” хэмээн хэлж байв.

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос уг номыг “Гэрэл зургийн төдийгүй өв соёлын томоохон судалгааны бүтээл болсон байна” хэмээн үнэлжээ. “Зураг авна гэдэг нь тухайн хүний хоббиноос гадна бүтэн мэргэжлийн ажил юм. Зураг авахад цаг, цэг хоёр чухал шаардлагатай. Тохиромжтой цэгээ олчихоод байтал цаг, нар таарахгүй бол зураг авах боломжгүй. Зарим сумдад зураг авахын тулд хоёр удаа ирж, очих шаардлага ч гарч байсан. Зарим өндөр уул, хад асгатай газар унахдаа камераа өөрийнхөө дээр аавад л ойчдог” хэмээн гэрэл зурагчин С.Чинбат өөрийн ажлын онцлогийг өгүүлж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ