Сум дундын эмнэлэг нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 10:04:07

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 ортой Сум дундын эмнэлгийн нээлт 4 дүгээр сарын 6- нд боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж оролцов. Тус сумын хувьд уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн бүс нутгийн нэг юм.

Орон нутгийн зүгээс хүн ам олноор төвлөрсөн бүс нутгийн гарч болох эрсдэл, хүндрэлийг урьдчилан тооцоолж, Сум дундын эмнэлэгийг Ханбогд, Цогтцэций суманд барихаар төлөвлөн ажилласан байна. Энэ бүхэн өнөөдөр бодит ажил болж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх өргөн боломжийг бий болгоод байгаагийн нэг нь Цогтцэций сумын сум дундын эмнэлэг билээ. Тус сумын нийт суурин хүн ам 7300, хөдөлгөөнт хүн ам 13 мянга байгаа юм.

Өмнөговь аймгийн хувьд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах бодлого баримтлан “Эрүүл мэндийн шинэчлэл”, “Сүү тараг”, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлэх” хөтөлбөр, “Эрүүл хот” хөтөлбөр, “Хүний нөөцийн хөтөлбөр” зэргийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ